Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Баянхонгор, 2026 оны аравдугаар сарын 29 /МОНЦАМЭ/. Арваннэгдүгээр сарын эхэн болон хоёрдугаар арван хоногт харьцангуй дулаан өдрүүд үргэлжлэх боловч агаарын температур огцом буурах, цочир хүйтрэх зэрэг үзэгдэл ажиглагдах магадлалтай байгааг УЦУОШГ-аас мэдээлэв. Гол хүйтрэлт нэгдүгээр арав хоногийн дунд болон сүүл, гуравдугаар арав хоногийн дунд үеүдэд ажиглагдах төлөв гарчээ.
Агаарын дундаж температур Баянхонгорын өмнөд хэсгээр ОЖД-ийн орчим, бусад нутгаар дунджаас хүйтэн, хур тунадас нутгийн өмнөд хэсгээр ОЖД-аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс 11 дүгээр сарын зудын урьдчилсан төлөвийг газрын ажиглалтын болон хиймэл дагуулын мэдээ болох ган, зуншлага, 2026-2027 оны өвөл-хаврын бэлчээрийн даац, бэлчээрийн ургац, агаарын температур, хур тунадасны дундажтай харьцуулсан хазайлт, цасны зузаан болон 11 дүгээр сарын агаарын температур, хур тунадасны урьдчилсан төлөв зэрэг мэдээлэлд үндэслэн боловсруулжээ.
Зудын урьдчилсан төлөвөөс харахад мал өвөлжилтийн байдал Баянхонгор аймгийн зарим нутгаар их болон нэн их хүндрэлтэй байх төлөвтэй гарсан байна. Мал өвөлжилт хүндэрч болзошгүй бүс нутгуудад онцгойлон анхаарч, цаг уурын байгууллагаас гаргадаг богино, дунд, урт хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээ болон тухай бүр шинэчлэн гаргах зудын урьдчилсан төлөвийн мэдээг тогтмол авч, цагийн байдал хүндэрсэн үед хэрэгжүүлэх арга хэмжээний урьдчилсан бэлтгэлийг бүрэн хангахыг мэргэжлийн байгууллагаас зөвлөлөө.