Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Баянхонгор, 2026 оны арваннэгдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. Төрийн албаны 2026 оны дөрөвдүгээр улирлын ерөнхий шалгалтын цахим бүртгэлийг энэ сарын 17-ныг хүртэл Төрийн албаны зөвлөлийн цахим хуудсаар дамжуулан хүлээн авна. Шалгалтыг хуваарийн дагуу 11 дүгээр сарын 30-ны өдрөөс салбар комисс зохион байгуулах тов гарчээ.
Сонгон шалгаруулалтад бүртгүүлэх иргэн Монгол Улсын иргэн байх, дээд боловсролтой, эрүүгийн хуульд заасан авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, сэтгэцийн өвчин эмгэггүй, хуулийн дагуу цэргийн жинхэнэ алба хаах үүрэг хүлээсэн иргэн үүргээ биелүүлсэн, тэтгэвэр тогтоолгох нас болон төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрээгүй, төрийн албанд эргэж орох эрхгүйгээр хугацаа зааж халсан эсхүл албан тушаал эрхлэх эрх хязгаарласан шүүхийн тогтоолтой бол уг хугацаа дууссан байх зэрэг шалгууртай.
Шалгуулагчид ерөнхий мэдлэг, монгол хэл бичиг, дүн шинжилгээний 100 асуултад хариулж 100 оноо авахаас босго оноо 60. ерөнхий мэдлэгийн шалгалтад тэнцсэн тохиолдолд монгол хэл, бичгийн чадвар шалгалтыг шууд өгөх бөгөөд уг шалгалтад тэнцвэл мөн адил дүн шинжилгээ хийх чадварын шалгалтыг үргэлжлүүлэн өгөх боломжтой болдог.
Төрийн албаны тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд төрийн албаны ерөнхий шалгалтыг улирал тутамд нэгээс доошгүй удаа зохион байгуулахаар тусгасан. Үүний дагуу Төрийн албаны зөвлөлөөс төрийн жинхэнэ албаны нөөц бүрдүүлэх ерөнхий шалгалтыг жилд дөрвөн удаа, батлагдсан хуваарийн дагуу зохион байгуулж байна.
Сонирхуулахад, Өнгөрсөн онд Баянхонгор аймгаас 380 иргэн төрийн албаны ерөнхий шалгалт өгөхөөр бүртгүүлснээс 296 иргэн орж, ирц дунджаар 77.9 хувьтай байсан байна. Шалгалтад орсон 296 иргэнээс 109 иргэн тэнцэж нөөцөд бүртгэгдсэн нь өмнөх онуудаас хамгийн өндөр үзүүлэлттэй байжээ.