Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Улаанбаатар, 2026 оны аравдугаар сарын 30 /МОНЦАМЭ/. ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэн, Шашин, соёл, нийгмийн баримтжуулалт, судалгааны төв хамтран ажиллаж, Монгол Улстай холбоотой архивын баримт, эх сурвалжийг нарийвчлан судлахын зэрэгцээ энэ чиглэлээр мэргэшсэн судлаачийг урт хугацаанд хамтран ажиллуулахаар тохиролцов.
“Чингис хаан” үндэсний музейн ерөнхий захирал, ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн захирал, академич С.Чулуун Бельги Улсын Лёвен хотод байрлах Католик их сургуулийн харьяа Шашин, соёл, нийгмийн баримтжуулалт, судалгааны төвд зочилж, тус төвийн захирал, профессор Йорис Колла болон Гүйцэтгэх зөвлөлийн дарга, тус сургуулийн захирлын зөвлөх, профессор Барт Раймакерс нартай уулзлаа.
Уулзалтын үеэр Монгол Улсын түүх, соёлтой холбоотой архивын баримт, эх сурвалжийг судлах, хоёр байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар санал солилцов. Мөн тус төвийн архивт хадгалагдаж буй нэрт монголч эрдэмтэн Антон Мостарт болон Монгол нутагт ажиллаж, амьдарч байсан католик шашны санваартнуудтай холбоотой гар бичмэл, архивын эх материал, газрын зураг, гэрэл зураг зэрэг түүхэн баримттай танилцлаа.

Мөн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, Монгол нутагт ажиллаж байсан шашны санваартнуудын үлдээсэн түүх, соёлын өвийг судлан шинжлэх, эрдэм шинжилгээний бүтээл болгон хэвлэн нийтлэх, цахим архив бүрдүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тогтсонг ШУА-ийн Түүх, угсаатын зүйн хүрээлэн мэдээлэв.
Түүнчлэн академич С.Чулуун тэргүүтэй төлөөлөгчид Мариа Монта Ази, Африкийн музейд зочилж, тус музейн удирдлагуудтай уулзан, цаашдын хамтын ажиллагаа, үзэсгэлэн солилцох боломжийн талаар санал солилцов.
Тус музейн сан хөмрөгт Хүннү, Юань улсын түүхтэй холбоотой археологийн дурсгал, эд өлгийн зүйлс хадгалагдаж байгаа юм. “Чингис хаан” үндэсний музейтэй хамтран үзэсгэлэн зохион байгуулах боломжийн талаар хэлэлцлээ. Энэ үеэр төлөөлөгчид Монголын түүх, соёлтой холбоотой дурсгалуудтай танилцаж, тэдгээрийг цаашид судлах, сурталчлан таниулах, музей хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжийг хэлэлцэв.
Энэхүү айлчлал нь Бельги Улсад хадгалагдаж буй Монголын түүх, соёлын холбогдолтой архивын баримт, биет өвийг судалгааны эргэлтэд оруулах, олон улсын эрдэм шинжилгээний хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монголын түүх, соёлын өвийг олон улсын түвшинд сурталчлан таниулахад чухал ач холбогдолтой юм.
Тус төв нь Бельги Улс болон олон улсын шашин, соёл, нийгмийн түүхтэй холбоотой баримт материалыг цуглуулах, хадгалах, судлах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, арвин баялаг архивын сан бүхий судалгааны байгууллага юм. Мөн дэлхийн олон улс оронд ажиллаж байсан католик шашны номлогчидтой холбоотой түүхэн баримт, гэрэл зураг, бусад эх сурвалж хадгалагддаг ба архивын нийт хэмжээ нь 40 гаруй километр урт тавиурын хэмжээтэй ажээ.
Лёвен хотын Католик их сургууль нь теологи, түүх, социологи, анагаах ухаан зэрэг олон чиглэлээр судалгаа, сургалт явуулдаг олон улсын нэр хүндтэй их сургуулиудын нэг юм.

ТӨВ: Сүмбэр сумын Ерөнхий боловсролын сургуулийн 50 жилийн ой тохиож байна
Орон нутгийн мэдээ
АРХАНГАЙ: Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар аймгийн Онцгой байдлын газрыг автомашин, техник, тоног төхөөрөмжөөр хангалаа
Эдийн засаг
“Ганц биечүүдийн өдөр”-ийн хямдрал: Хятадын иргэн 11 юаниар орон сууц худалдан авчээ