Ачаалж байна…
Ачаалж байна…
Xocoo N
n.khosbayar@montsame.gov.mn

Улаанбаатар, 2026 оны арваннэгдүгээр сарын 6 /МОНЦАМЭ/. ОХУ-аас нийлүүлэх шатахуун тасалдаагүй ч манай улсын авто бензиний хэрэглээ нэмэгдсээр байгааг АҮЭБ-ийн дэд сайд Б.Мөнхтамир шатахууны шуурхай штабын ээлжит хуралдааны үеэр тэмдэглэлээ. Тус хурлаар шатахууны импорт, тээвэрлэлт, нөөц, түгээлт, чанар болон үнийн хяналтын тухай хэлэлцсэн юм.
АҮЭБ-ийн дэд сайд Б.Мөнхтамир шатахууны хангамжийн өнөөгийн нөхцөл байдал, олон нийтийн дунд үүсээд буй зарим эргэлзээтэй асуудлыг тайлбарлахдаа, “ОХУ геополитикийн хүндрэлтэй нөхцөлд байгаа ч манай улсад шатахууны нийлүүлэлтээ таслаагүй. ОХУ-аас долдугаар сард 47 мянга, наймдугаар сард 67 мянга, есдүгээр сард 64 мянга, 10 дугаар сард 57 мянган тонн шатахуун нийлүүлсэн. Энэ сард 70 мянган тонныг нийлүүлнэ. Авто бензиний сарын хэрэглээ ердийн үед 70 мянган тонн орчим байдаг бол зундаа сар 100 мянган тонн хүрдэг. Иймд манай улс шатахууны хангамжаа зөвхөн нэг улсаас хамааруулахгүй, өсөн нэмэгдэж буй хэрэглээгээ хангахаар импортын эх үүсвэрээ төрөлжүүлж, БНХАУ, Казахстан, БНСУ-аас евро5 стандартын шатахуун татан авч байна.
Манай улсын газрын тосны бүтээгдэхүүний жилийн хэрэглээ сүүлийн 4 жилд 1.7 сая тонноос 3.1 сая тонн болж нэмэгджээ. Энэ нь эдийн засгийн үйл ажиллагаа өргөжиж, аж ахуйн нэгжийн үйлдвэрлэл, тээвэрлэлт, авто машины импорт, хэрэглээ нэмэгдсэнтэй холбоотойг АҮЭБЯ мэдээллээ.
Түүнчлэн төмөр замын өртөөнүүдэд өнгөрсөн долоо хоногт шатахуун тээвэрлэсэн вагон-цистерн олноор хуримтлагдсан нь зориудаар шатахууны хомсдол үүсгэж буй хардлага, шүүмжлэл дагуулсан талаар дэд сайд Б.Мөнхтамир тайлбарлахдаа вагон-цистерний хүлээгдэл үүссэн гол шалтгааны нэг нь зуны дизель түлшнээс өвлийн дизель түлшинд шилжих технологи, агуулахын хүчин чадлын хүндрэл гэдгийг тодотгов.
Дизель түлшний улирлын шилжилтийн үе буюу 10, 11 дүгээр сард аж ахуйн нэгжүүд зуны дизель түлшний үлдэгдлээ борлуулж, агуулах саваа сулласны дараа өвлийн дизель түлшийг хүлээн авч буулгадаг. Одоогоор өртөөнүүдэд хүлээж буй вагон-цистерний дийлэнх нь дизель түлш тээвэрлэж байгаа. Харин АИ-92, Евро-92, АИ-95, АИ-98 авто бензинийг Сүхбаатар өртөөгөөр хүлээн авч, Толгойтод буулгасны дараа түгээж байгааг тэмдэглэлээ.
АМГТГ-аас ШТС-уудад долоо хоног бүр түүвэрчилсэн хяналт, шинжилгээ хийхэд одоогоор энгийн АИ-92 авто бензинийг Евро-92 нэрээр худалдсан зөрчил илрээгүй байна. ОХУ, БНХАУ-аас импортолж буй Евро-92 авто бензиний худалдан авах үнэ, тээвэрлэлт, бусад зардал харилцан адилгүй байгаа. Үнийн зөрүү нь импортын өртөгтэй холбоотой эсэх, үнэ тогтоолт нь хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхэд Монополын эсрэг газраас хяналт тавьж байгаа ажээ.