Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Улаанбаатар, 2026 оны арваннэгдүгээр сарын 6 /МОНЦАМЭ/. Боловсролын салбарт аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хөнгөлөлт эдлэх журмын хэрэгжилтийг сайжруулах, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг бодит хэрэгцээтэй уялдуулах чиглэлээр төр, хувийн хэвшил, боловсролын байгууллагын төлөөлөл оролцсон хэлэлцүүлэг боллоо.
Боловсролын яамны мэдээлснээр, хэлэлцүүлгийн үеэр татварын хөнгөлөлт эдлэхтэй холбоотой ойлголт, хэрэгжилтийн үйл явц байгууллага бүрд харилцан адилгүй байгаа, боловсролын салбарт чиглэсэн хөрөнгө оруулалтыг бодит хэрэгцээтэй уялдуулах механизм хангалтгүй зэрэг асуудлыг хөндөн ярилцав.
Түүнчлэн төрийн бус, олон улсын байгууллагаар дамжуулан хэрэгжүүлж буй боловсролын төсөл, хөтөлбөрт үзүүлсэн дэмжлэгийг үнэлэх, сургалт, хүний хөгжил, боловсролын үйлчилгээний зардлыг тооцох аргачлалыг боловсронгуй болгох, аж ахуйн нэгжүүдийн үндсэн үйл ажиллагааныхаа хүрээнд боловсролын салбарт үзүүлж буй дэмжлэгийг татварын хөнгөлөлтөд хамруулах зохицуулалтыг тодорхой болгох шаардлагатайг оролцогчид онцоллоо.
Эдгээр асуудлыг шийдвэрлэх хүрээнд аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн санал, зөвлөмжид үндэслэн журмын шинэчилсэн төслийг боловсруулж байна. Шинэчилсэн төсөлд журмын зохицуулалтыг аж ахуйн нэгж, боловсролын байгууллагад ойлгомжтой, хэрэгжүүлэхэд хялбар, нэгдсэн ойлголттой болгох, татварын хөнгөлөлтийн талаарх мэдээлэл, зөвлөмжийг бизнесийн байгууллагад үе шаттай хүргэхээр тусгажээ.
Мөн орон нутгийн боловсролын байгууллагын хэрэгцээ, шаардлагыг нэгтгэсэн цахим сан байгуулж, олон нийтэд нээлттэй, ил тод ажиллуулах юм. Ингэснээр аж ахуйн нэгжүүд боловсролын байгууллагын бодит хэрэгцээтэй танилцан, хөрөнгө оруулалт, дэмжлэгээ илүү оновчтой төлөвлөх боломж бүрдэх аж.
Түүнчлэн татварын хөнгөлөлтийн хамрах хүрээг өргөжүүлж, төрийн бус байгууллагаар дамжуулан хэрэгжүүлж буй бодит үр дүн бүхий боловсролын төсөл, хөтөлбөр, үйл ажиллагаанд аж ахуйн нэгжээс үзүүлсэн санхүүгийн дэмжлэгийг хөнгөлөлтөд хамруулах зохицуулалтыг тусгахаар ажиллаж байна. Үүнээс гадна сургалтын төсөл, хөтөлбөр, хүний хөгжилд чиглэсэн үйл ажиллагаанд үзүүлсэн санхүүгийн дэмжлэгийг татварын хөнгөлөлтөд хамруулах боломжийг нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.
Журмын шинэчлэл хэрэгжсэнээр боловсролын салбар дахь төр, хувийн хэвшлийн түншлэл бэхжиж, аж ахуйн нэгжүүдийн хөрөнгө оруулалт, дэмжлэг боловсролын байгууллагын бодит хэрэгцээнд чиглэх, улмаар боловсролын чанар, хүртээмжийг сайжруулахад түлхэц болно хэмээн хэлэлцүүлэгт оролцогчид үзэж байна.


ТӨВ: Сүмбэр сумын Ерөнхий боловсролын сургуулийн 50 жилийн ой тохиож байна
Орон нутгийн мэдээ
ӨМНӨГОВЬ: Хүүхдийн сэтгэлзүйн эрүүл мэндийг дэмжих “баяртай-3” төсөл өмнөговь аймагт хэрэгжинэ
Орон нутгийн мэдээ
АРХАНГАЙ: Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар аймгийн Онцгой байдлын газрыг автомашин, техник, тоног төхөөрөмжөөр хангалаа