Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Булган. 2026 оны аравдугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Булган сумын 6 дугаар багийн ахмадуудын дунд “Шагайн нумт харваа”-ны тэмцээн зохион байгуулж, зургаан багийн төлөөлөл ур чадвараа сорилоо.
Тэмцээнд Э.Ууганбаяр ахлагчтай “Ачуут” 1 дүгээр баг тэргүүлж, Ч.Лхагва ахлагчтай “Булган” 6 дугаар баг удаалсан бол Г.Нинжпэрэнлэй ахлагчтай “Хужирт” 2 дугаар баг гуравдугаар байр эзэлжээ.
Шагайн нумт харваа буюу чавх харваа нь үндэсний сур харвааны нум сумны техник, шагайн харвааны бай онох ур чадварыг хослуулсан уламжлалт наадгай юм. Энэ төрлөөр хичээллэх нь ахмад настнуудын гар, хурууны хөдөлгөөнийг дэмжихээс гадна анхаарал төвлөрөл, ой тогтоолтыг идэвхжүүлэх ач холбогдолтой.
Булган аймаг үндэсний сур харвааны уламжлал, өв соёлоороо алдартай бөгөөд өнөөдрийн байдлаар тус аймагт үндэсний болон нумт харваагаар тогтмол хичээллэдэг 150-200 орчим харваач бий. Тэдний 110 гаруй нь аймгийн баяр наадмын үндэсний сурын харваанд жил бүр оролцдог бол аймгийн цолтой болон спортын мастер зэрэгтэй 30 гаруй харваач “Дайчин вангийн мэргэд” сурын холбоонд нэгдэн хичээллэж байна.
Сүүлийн жилүүдэд шагайн нумт харваа сумдын ахмад настнуудын дунд дэлгэрч, тэдний чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, уламжлалт тоглоом наадгайг өвлөн уламжлах нэг хэлбэр болжээ.
Ийнхүү тэмцээн нь ахмадуудын дунд харвааны уламжлалыг түгээн дэлгэрүүлэхийн зэрэгцээ багийн хамтын ажиллагаа, нөхөрлөлийг бэхжүүлэх ач холбогдолтой байв.


