Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Булган, 2026 оны аравдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Булган аймгийн малчид энэ жил 106.5 мянган тонн байгалийн хадлан бэлтгэж, өвөлжилтийн бэлтгэлээ хангаж байна.
Аймгийн хэмжээнд жилд дунджаар 111.2 мянган тонн байгалийн хадлан бэлтгэх хэрэгцээтэй байдаг. Энэ жилийн байдлаар Тэшиг сумын малчид нийт хадлангийн 60 орчим хувийг бэлтгэж, бусад сумынхан ч өвс, тэжээлийн нөөцөө бүрдүүлжээ.
Хангал, Сэлэнгэ, Сайхан, Бугат болон Булган сум тус бүр 1000-1800 гаруй тонн өвс бэлтгэсэн бол Баяннуур сумын хадланчид 6066 га талбайгаас хадлан авчээ. Тус сумынхан өвс, тэжээлийн аюулгүйн нөөцөд 100 тонн өвс, 30 тонн тэжээл бэлтгэх төлөвлөгөөгөө бүрэн биелүүлсэн байна.
Хадланчдын хөдөлмөрийг үнэлэх, тэдний хамтын ажиллагааг дэмжих зорилгоор Баяннуур сумын “Бор булан” хадлангийн талбайд “Ургацын баяр” буюу “Хадланчдын нэг өдөр” уулзалт зохион байгуулжээ.
Энэ үеэр ажил үйлсээрээ тэргүүлсэн ахмад болон залуу хадланчдыг шагнаж урамшуулан, хөдөлмөрийг нь алдаршуулсан байна. Мөн сумын Эрүүл мэндийн төвийн эмч, мэргэжилтнүүд хадлангийн талбайд ажиллаж, хадланчид болон иргэдэд үзлэг, шинжилгээ хийжээ.
Түүнчлэн хадланчид, иргэдийн дунд “Өвсний сугалаа” явуулж, азтануудыг тодруулсан байна. Хадлангийн бригадууд орон нутгийн соёл урлагийг дэмжиж, Соёлын төвд 300 мянган төгрөгийн хандив өргөсөнд сумын удирдлагууд талархал илэрхийлжээ.



