Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Булган, 2026 оны аравдугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайдын “Чөлөөлье” үндэсний санаачилгын хүрээнд “YES Mongolia” төрийн бус байгууллагаас Булган аймагт зохион байгуулсан цуврал хэлэлцүүлгээр орон нутгийн бизнесийн орчныг сайжруулах, төрийн үйлчилгээний хүнд суртлыг бууруулах асуудлыг хэлэлцлээ.
Хэлэлцүүлэгт аймгийн удирдлагууд, 16 сумын иргэд, бизнес эрхлэгчдийн төлөөлөл оролцож, хөдөө аж ахуй, газар тариалан, хөрөнгө оруулалт, төрийн үйлчилгээний салбарт тулгамдаж буй асуудал, тэдгээрийг шийдвэрлэх боломжийн талаар санал солилцов.
Булган аймаг газар тариалангийн үйлдвэрлэлээр улсад эхний гуравт, мал аж ахуйн үзүүлэлтээр эхний тавд багтдаг. Тус аймагт 19 мянга гаруй өрх амьдардгаас 11.2 мянга гаруй нь малчин өрх бөгөөд малын тоо толгой 3.7-3.8 саяд хүрчээ.
Аймгийн нийт нутаг дэвсгэрийн 56.7 хувь буюу 2.7 сая га нь хөдөө аж ахуйн зориулалттай. Гэвч эрчимжсэн мал аж ахуй, газар тариаланг хослуулан хөгжүүлэхэд газар олголт, төрийн дэмжлэгтэй холбоотой асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байгааг хэлэлцүүлэгт оролцогчид хөндлөө. Мөн газар тариалан, хөрсний менежментийн тулгамдсан асуудлыг судалж, шийдэл боловсруулах үүргийг аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Н.Пүрэвсайханд даалгалаа.
Булган аймгийн дотоодын нийт бүтээгдэхүүн 543.3 тэрбум төгрөгт хүрч, нэг хүнд ногдох хэмжээ 7.8 сая төгрөг байна. Түүнчлэн хөгжлийн индексээр улсдаа эхний 10-т багтаж, аймгуудын өрсөлдөх чадварын индекс өмнөх үзүүлэлтээс 11 нэгжээр ахисан гэж мэдээлэв. Эдийн засгийн өсөлтийг хадгалахын тулд төр, хувийн хэвшлийн түншлэлийг өргөжүүлж, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах шаардлагатайг аймгийн Засаг даргын орлогч О.Ундрах, Бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Г.Гантулга нар онцолсон юм.
Мөн Ерөнхий сайдын “Эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлтийн бодлого”-ыг орон нутагт хэрэгжүүлэхдээ төрийн хүнд суртал, зөвшөөрлийн тогтолцоог хөнгөвчлөх, бизнес эрхлэгчдэд учирч буй саад бэрхшээлийг арилгах асуудлыг хэлэлцжээ. Энэ үеэр аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очир, Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тэргүүн Д.Оюунгэрэл нар төрийн хяналт шалгалт, бүртгэлийн давхардлыг арилгах, үйлчилгээг цахимжуулах замаар аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг дэмжих байр суурь илэрхийллээ.

