Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Булган, 2026 оны арваннэгдүгээр сарын 5 /МОНЦАМЭ/. “Түрүүлэхийн төлөө биш, өөрийгөө ялахын төлөө” хэмээн зорилгоо тодорхойлсон 11 настай С.Энэрэл АНУ-д болох цээж тооллын ДАШТ-д оролцохоор бэлтгэлээ базааж байна. Тэрбээр хөдөө суманд амьдардаг ч соробан сампингийн спортоор хичээллэн, олон улсын тэмцээнээс алт, мөнгөн цом хүртсэн авьяаслаг сурагч юм.
С.Энэрэл Хутаг-Өндөр сумын ерөнхий боловсролын сургуулийн 6а ангид суралцдаг. Тэрбээр соробан сампингийн дугуйланд гурван жил хичээллэж байгаа бөгөөд энэ спортоо ихэд сонирхон дуртайяа хичээллэдэг аж.
Тэрбээр “Намайг Сэдэдийн Энэрэл гэдэг. Би 11 настай. Сампингаар бодлого бодох надад маш гоё санагддаг. Тоогоо хурдан, ойлгомжтой бодож сурч байгаа төдийгүй баруун, зүүн тархиа зэрэг хөгжүүлдэг гэж боддог. Тийм болохоор би энэ дугуйландаа маш дуртай.
Би Энэтхэгийн Дели хотод болсон соробан сампингийн тэмцээнээс алтан цом, Гүржийн Тбилиси хотод болсон тэмцээнээс мөнгөн цом хүртсэн. Одоо Америкт болох цээж тооллын ДАШТ-д оролцохоор бэлтгэлээ хийж байна. Олон улсын тэмцээнд оролцохдоо бусадтай уралдаж, заавал түрүүлэх гэж сандрахаас илүүтэй бодлогоо өөрийнхөө чадлаар хамгийн сайн бодохыг хичээдэг. Бүх анхаарлаа төвлөрүүлж, өөрийгөө дайчлах нь миний хувьд хамгийн чухал. Миний зорилгыг дэмжиж, урам өгдөг бүх хүндээ баярлалаа. Удахгүй болох тэмцээндээ хамаг чадлаараа хичээнэ” хэмээн ярив.