Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Булган, 2026 оны арваннэгдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ Булган аймгийн Тэшиг сумын ерөнхий боловсролын сургуулийн багш, ажилтнуудтай уулзаж, сургалтын орчин, сургуулийн барилга байгууламж, дэд бүтэцтэй холбоотой тулгамдсан асуудал болон багш нарын санал хүсэлтийг сонслоо.
Аймгийн төвөөс 260 км зайд оршдог Тэшиг сум 960 өрхийн 3600 орчим хүн амтай. Алслагдсан тус сумын сургуулийн хувьд барилгын нөхцөл, сургалтын орчин, хүүхэд залуучуудын спортын тэмцээнд оролцох тээврийн хэрэгслийн хүрэлцээ зэрэг асуудал тулгамдаж байгааг багш нар уулзалтын үеэр танилцууллаа.
Тус сургуулийн барилга 1978 онд ашиглалтад орсон бөгөөд өдгөө ашиглалтын шаардлага хангахгүй болжээ. Барилгын дээд давхарт хүн явахад доод давхрын тааз хөдөлж, шороо нурдаг зэрэг нь сурагчид, багш ажилтнуудын аюулгүй байдалд эрсдэл учруулж байгааг багш нар хэлэв. Иймээс 30 гаруй багш, ажилтан, 500 гаруй суралцагчтай сургуулийн шинэ барилгын хөрөнгийг улсын төсөвт тусгах шаардлагатай байгааг уламжиллаа.
Мөн тус сургуульд химийн хичээлийн зориулалтын лаборатори, анги танхим байхгүйгээс туршилт, дадлагад тулгуурлан хичээл заах боломж хязгаарлагдмал байна. Энэ талаар химийн багш Э.Үүлэнцэцэг танилцуулж, сургалтын орчныг сайжруулах шаардлагатайг онцоллоо.
Түүнчлэн Тэшиг сумын хүүхэд, залуучууд спортын идэвхтэй ч аймгийн төвд болох тэмцээн, уралдаанд оролцоход 100 орчим км шороон замаар зорчих шаардлагатай болдог байна. Сургуулийн авто машины хүрэлцээ муу байгаа нь сурагчдыг тэмцээн, уралдаанд оролцуулахад хүндрэл учруулж байгааг биеийн тамирын багш Ю.Соёлмаа хэлж, энэ асуудалд дэмжлэг хүсэв.
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ уулзалтаар тавьсан асуудлуудыг нарийвчлан судалж, сургуулийн шинэ барилгын санхүүжилтийг улсын төсөвт тусгуулах болон бусад шаардлагатай дэмжлэгийг шийдвэрлэх боломжийг эрэлхийлэн ажиллахаа илэрхийллээ.