Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Улаанбаатар, 2026 оны арваннэгдүгээр сарын 4 /МОНЦАМЭ/. Сангийн сайд З.Мэндсайхан, Азийн хөгжлийн банкны Суурин төлөөлөгч Жон Жүхён Жеонг нар “Жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хариу үйлчилгээг бэхжүүлэх төсөл”-ийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа.
Хэлэлцээрийн хүрээнд гурван аймгийн 4 сургуулийн дотуур байранд засвар хийхээс гадна хүүхдэд ээлтэй, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй болгон сайжруулна. Мөн сургуулийн орчин дахь жендерт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хариу үйлчилгээг бэхжүүлэх хөтөлбөрийг орон нутаг, нийслэлийн 12 сургуульд шинээр нэвтрүүлэх юм.
Төслийг Азийн хөгжлийн банк болон Цэцэглэн хөгжсөн, эрсдэлд тэсвэртэй Ази, номхон далайн бүс нутгийг цогцлоох Японы сангийн 3 сая ам.долларын буцалтгүй тусламжийн санхүүжилтээр хэрэгжүүлэхийг Сангийн Яам мэдээлэв.
Сангийн сайд З.Мэндсайхан төслийг амжилттай хэрэгжүүлснээр боловсролын салбарт жендерт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх тогтолцоог бэхжүүлж, хүчирхийллийн хохирогчдод үзүүлэх хамгаалал, нөхөн сэргээх үйлчилгээг сайжруулахад хувь нэмэр оруулна гэдгийг онцоллоо.