Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Улаанбаатарр, 2026 оны арваннэгдүгээр сарын 6 /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар “Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойг тохиолдуулан Их Эзэн Чингис хааны төрт ёсны өв уламжлалыг дээдлэн мөнхжүүлэх тухай” УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлэв.
Чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэн байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авч, үг хэлсэн юм. Тиймээс эл өдрийн хуралдаанаар УИХ-ын тогтоолын төслийг батлах эсэх санал хураалтыг явуулав. Хуралдаанд 90 гишүүн оролцсоноос 67 нь “Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойг тохиолдуулан Их Эзэн Чингис хааны төрт ёсны өв уламжлалыг дээдлэн мөнхжүүлэх тухай” УИХ-ын тогтоолын төслийг батлахыг дэмжив.
Тогтоолын төсөлд Их Монгол Улсын түүхэнд хамаарах үйл явдал, түүх, соёлын дурсгалт газрыг шинээр олж тогтоох, хамгаалах, нөхөн сэргээх, Их Эзэн Чингис хааны үйл хэрэг, Их Монгол Улсын үүсэл, хөгжлийн бичмэл эх сурвалж, археологийн, угсаатны зүйн судалгааны бүтээлүүдийг судлах, хэвлэн нийтлэх, урлаг, соёлын бүтээл туурвих, сурталчлах ажлыг дэмжих, эрчимжүүлэх, татвараас чөлөөлөх, хааны нэр, эш хөрөг, гэрэгэ, Монголын нууц товчоо, Их Монгол Улсын бэлгэдэлд хамаарах зүйлсийг ашиглах асуудлыг журамлах, гадаад улс орнуудад хадгалагдаж байгаа түүхийн эх сурвалж, эд өлгийг олж тогтоох, эх хувь болон хуулбарыг татан авах талаар санал, шийдвэрийн төсөл боловсруулж танилцуулахыг Засгийн газарт даалгахаар тусгажээ.
Мөн Их эзэн Чингис хааны нэрээр нэрлэгдсэн бараа бүтээгдэхүүний онцгой албан татварын тодорхой хувиар санхүүжих тусгай сан байгуулах, түүний хөрөнгөөр Их эзэн Чингис хааны нэр төр, үйл хэрэг, Их Монгол Улсын түүхийг хамгаалан сурталчлах үйл ажиллагааг санхүүжүүлэх тухай санал боловсруулж УИХ-д танилцуулах, Их эзэн Чингис хааны түүх, Монгол Улсын төрт ёсны өв, Монгол төрийн үүсэл, хөгжил болон тэдгээртэй холбоотой ном түүх, археологи, угсаатны зүйн судалгаа, бүтээл, кино урлаг, соёлын үйл ажиллагаанаас олох орлогыг татвараас чөлөөлөх тухай хууль тогтоомжийн төсөл боловсруулж УИХ-д өргөн мэдүүлэх, Чингис хааны нэр төр, эш хөрөг, гэрэгэ, Монголын нууц товчоо, Их Монгол Улсын бэлгэдэлд хамаарах зүйлсийг ашиглах асуудлыг журамлах, Их эзэн Чингис хааны эш хөргийг согтууруулах ундааны болон тамхины сав, баглаа боодолд аливаа төрлөөр ашиглахыг хориглох тухай хууль тогтоомжийн төсөл боловсруулж УИХ-д өргөн мэдүүлэхийг Засгийн газарт даалгахаар тусгасан аж.