Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Улаанбаатар, 2026 оны арваннэгдүгээр сарын 12 /МОНЦАМЭ/. Бүгд Найрамдах Турк Улсын Анталья хотноо энэ сарын 9-нд эхэлсэн Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын Талуудын 31 дүгээр бага хурлын хүрээнд зохион байгуулж буй Дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалт өчигдөр эхэллээ.
Тус бага хуралд Конвенцод нэгдэн орсон 198 талууд, олон улсын байгууллага, иргэний нийгэм, хувийн хэвшлийн төлөөлөл зэрэг нийт 100 мянга орчим төлөөлөгч оролцож буй. Бага хурлаар Парисын хэлэлцээрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, санхүүжилт, технологийн дэмжлэгийг нэмэгдүүлэх зэрэг асуудлыг хэлэлцэж байгаа юм.
Энэ удаагийн бага хурлыг “Ирээдүйн COP”, “Хэрэгжилтийн COP” үзэл баримтлалын хүрээнд “Яриа хэлэлцээ, зөвшилцөл, үйл ажиллагаа” гэсэн гурван үндсэн зарчимд тулгуурлан зохион байгуулж байна. COP31-ийн нэг онцлог нь Турк, Австралийн хамтарсан удирдлагын загвараар ажиллаж, Турк Улс бага хурлыг даргалж, Австрали Улс хэлэлцээний үйл явцыг удирдаж буй явдал юм.
Дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад 40 гаруй улсын Ерөнхийлөгч, 30 гаруй улсын Ерөнхий сайд болон бусад өндөр түвшний төлөөлөгчид оролцож байна. Тухайлбал, Бразил, Египет, Финланд, Австри, Узбекистан, Азербайжан, Казахстан, Туркменистан, Кени, Нигери зэрэг улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар, түүнчлэн Европын Комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Лайен, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш нар оролцож, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг олон улсын хамтын ажиллагаа, Парисын хэлэлцээрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх асуудлаар санал солилцож байна.
Бага хурлын хүрээнд энэ сарын 11-12-нд зохион байгуулах Дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад Гадаад харилцааны сайд бөгөөд Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын Дарга Б.Батцэцэг тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна гэж ГХЯ-наас мэдээллээ.
