Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Улаанбаатар, 2026 оны аравдугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Сенегалын нийслэл Дакар, Диамниадио, Сали хотод залуучуудын зуны спортын IV наадам маргааш нээлтээ хийх гэж байна.
Африк тивд анх удаа зохион байгуулж буй олимп гэдгээрээ онцлогтой тус наадамд дэлхийн 204 орны 15-17 насны 2700 орчим тамирчин спортын 25
төрөлд 153 багц медалийн төлөө өрсөлдөх юм. Тэгвэл Монгол Улсаас бокс, дугуй, жүдо, элсний бөх, 3х3 сагсан
бөмбөг, усанд сэлэлт гэсэн зургаан
төрөлд 10 тамирчин өрсөлдөх бөгөөд
тамирчдын түрүүч Дакарт очиж, бэлтгэлдээ орсон байна. Тодруулбал, жүдо бөхийн
төрөлд эх орноо төлөөлөх “Мон-Алтиус Цагаанбаатар” академийн тамирчин Т.Төгсхүслэн
дасгалжуулагч Б.Баттөмөрийн хамт Сенегалын Диамниадио хотод байрлах Тамирчдын
хотхонд хүрэлцэн иржээ. Тэрбээр энэхүү наадмын нээлтийн ёслолд Монголын далбааг
мандуулах хүндтэй үүрэг хүлээв. Түүний хувьд 2026 оны УАШТ-д түрүүлж, ДАШТ-д VII байр эзэлсэн юм.
Тамирчдын хотхон өчигдрөөс албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүлэн баг, тамирчдыг хүлээн авч байна. Олон улсын олимпын хорооны мэдээлснээр одоогийн байдлаар 163 Үндэсний олимпын хороо тус хотхонд хүрэлцэн иржээ. Африк тивд анх удаа болох тус наадам хүйсийн тэгш оролцоог хангах бөгөөд дүрвэгсдийн залуучуудын баг анх удаа оролцоно. Спортын өрсөлдөөнөөс гадна тамирчдад боловсрол эзэмших, соёлын солилцоонд оролцох, олимпын үнэт зүйлсийг танин мэдэх боломж олгодгоороо залуучуудын олимпын наадам онцлогтой.
Энэхүү наадмыг албан ёсны онцгой эрхтэйгээр гэрэл зурагчин Д.Нямбилэг, сэтгүүлч Б.Мөнгөнтамир нар сурвалжлан ажиллана.


