Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Дархан, 2026 оны арваннэгдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. Найрамдлын Дархан хотын түүхэнд анхны эмэгтэй Хөдөлмөрийн баатар цол хүртсэн хүн бол алдарт саальчин Долгорын Тамжид юм. Тэрбээр 1976 оны зургаадугаар сарын 7-ны өдөр БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 111 дүгээр зарлигаар эрхэм цолыг хүртжээ.
Уг зарлигт “Тавдугаар таван жилийн төлөвлөгөө болон социалист уралдаанд авсан үүргээ биелүүлж, гарамгай амжилт гаргасан тул БНМАУ-ын Хөдөлмөрийн баатар цол олгож, Сүхбаатарын одон, Алтан соёмбо медалиар шагнасугай” хэмээн тэмдэглэсэн нь өнөөдөр түүхэн баримт болон аймгийн музейн сан хөмрөгт хадгалагдаж байна.
Д.Тамжид 1925 онд хуучнаар Сэлэнгэ аймгийн Дархан сумын тавдугаар багийн нутаг Зулзагын голын Аргал уулын өвөрт төржээ. Тэрбээр 1948 онд Улаанбаатар хотын Цэргийн оёдлын үйлдвэрт оёдолчноор ажиллаж, 1954 онд намын гишүүнээр элссэн бөгөөд мөн “Ударник” цолоор шагнуулж байжээ.
Улмаар 1957 онд Дархан сумын “Дархан мандах” нэгдэлд гишүүнээр элсэж, И.Даваадоржтой гэр бүл болсноор төрсөн нутагтаа суурьшин амьдрах болсон байна.
Тухайн үед Дархан сумын тав, гурав, хоёрдугаар багийн саальчдын дунд “Социалист хөдөлмөрийн төлөө” бригадын хөдөлгөөн өрнөж байв. Энэ үеэр Д.Тамжидын санаачилгаар Сэлэнгэ аймгийн Дархан сумын Монгол-Зөвлөлтийн найрамдлын нэрэмжит нэгдлийн Хавцалын нэгдүгээр бригадын дэргэд 15 саальчны бүрэлдэхүүнтэй “Социалист хөдөлмөрийн төлөө” бригад байгуулжээ.
Д.Тамжид ахлагчтай бригадын саальчид үйлдвэрлэлийн төлөвлөгөө, нормоо тогтмол биелүүлэн амжилттай ажилласны үр дүнд хоёр жилийн дараа “Социалист хөдөлмөрийн төлөө бригад”-ын мандат хүртсэн байна. Мандатыг нэгдлийн Намын үүрийн дарга Сахьяа, Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Доржготов, Заяа нар гардуулан өгч байжээ.
Ийнхүү хөдөлмөр бүтээлээрээ шалгарсан Д.Тамжид 1976 оны улсын баяр наадмын үеэр БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн зарлигаар Хөдөлмөрийн баатар цол хүртсэн юм. Тухайн жил Дархан САА-гаас Хөдөлмөрийн хоёр баатар төрсний нэг нь алдарт саальчин Д.Тамжид байжээ.
Д.Тамжид хөдөлмөрийн амжилтаараа Улсын аварга саальчин цол хүртэхийн зэрэгцээ сум, аймгийн Ардын депутатуудын хурлын депутатаар удаа дараа сонгогдож, 1973 онд БНМАУ-ын Ардын Их Хурлын депутатаар ажиллаж байжээ. Түүний хүү Д.Мөнхбат усжуулагч, гидротехникийн мэргэжил эзэмшсэн байна.