Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Дархан, 2026 оны арваннэгдүгээр сарын 12 /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймаг өөрийн онцлог, түүхэн замнал, үнэт зүйлээ илэрхийлсэн туг далбаатай. Тус аймгийн туг далбааны загварыг 2003 оны зургаадугаар сарын 4-нд тухайн үеийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрээр баталжээ.
Дархан хотыг Монгол Улсын аж үйлдвэрийн томоохон төв болгон хөгжүүлэхээр эдийн засаг, хөгжлийн хамтын ажиллагаатай улс орнуудын дэмжлэгтэйгээр байгуулсан түүхтэй. Энэ нь найрамдал, хамтын ажиллагааны бэлгэдэл болсон хотын туг далбааны утга агуулгад ч тусжээ.
Тухайлбал, туг далбааны үндсэн өнгө нь энх тайван, эрх чөлөөг бэлгэдсэн тод цэнхэр бөгөөд ишийн дагуу орон нутгийн хөгжил дэвшил шулуун дардан байхыг илэрхийлсэн шар туузтай. Харин төв хэсэгт Дархан хотыг бүтээн байгуулахад оролцсон улс орнуудын найрамдлын бэлгэдэл болсон хаан бугуйвч, түүний дээд талд мандан бадрахыг илтгэсэн галын дөл дүрсэлжээ.
Туг далбааны өргөн, уртын харьцааг 1:2 байхаар тогтоосон бөгөөд уг загвар, өнгө, бэлгэдлийн утга агуулгыг тухайн үеийн Дархан хотын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн тогтоолоор баталсан байна.
Шийдвэрт тухайн үеийн ИТХ-ын дарга Л.Гүнчин, нарийн бичгийн дарга Р.Тунгалаг-Эрдэнэ нар гарын үсэг зурж баталгаажуулжээ.