Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Дархан, 2026 оны арваннэгдүгээр сарын 2 /МОНЦАМЭ/. Жил бүрийн арваннэгдүгээр сарыг улс орон даяар соёлын бүтээлч сар болгон тэмдэглэдэг. Энэ хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Дархан-Уул аймгийн иргэд, хөдөлмөрчидтэй хийх уулзалтыг угтан Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, гэрэл зурагчин Г.Ган-Өлзийн “Дэлхийг Монголд-Монголыг дэлхийд” гэрэл зургийн үзэсгэлэнг дэлгэлээ.
Гурван өдөр үргэлжлэх тус үзэсгэлэнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн гадаад айлчлал, дээд түвшний уулзалт, олон улсын томоохон үйл явдлын үеэр гэрэл зургийн хальснаа буулгасан түүхэн агшнууд багтжээ.
Мөн манай улсын хоёр хөрш болон гуравдагч хөрш орнуудтай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаа, олон улсын хамын ажиллагааны оролцоог баримтжуулсан 40 гаруй шилдэг бүтээл олон нийтийн хүртээл болж байна.

Эх орныхоо гадаад харилцааны түүхэн агшнууд, дэлхий дахинд Монгол Улсын эзлэх байр суурийг гэрэл зургийн дуранд буулгасан тус үзэсгэлэн "Дархан Юнайтед Арена" спорт цогцолборт болж байна.
2021 оноос хойших төрийн айлчлал, томоохон үйл ажиллагааны гэрэл зургийн архив байдаг. Үүнээс онцлон хүргэж байгаа гэдгийг тодотгов.
Эдгээр гэрэл зураг нь Ерөнхийлөгчийн гэрэл зурагчин Б.Батмөнх, Г.Ган-Өлзий нар хамтын бүтээл бөгөөд өмнө нь арав гаруй аймагт дэлгэж, олон нийтэд толилуулжээ.