Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Дархан, 2026 оны арваннэгдүгээр сарын 2 /МОНЦАМЭ/. Эрчим хүчний сайд Б.Найдалаа тэргүүтэй ажлын хэсэг “ДДЦС” ТӨХК-д ажиллалаа. Мэргэжилтнүүд тухайн нөхцөл байдалд станцын дотоод хэрэгцээний цахилгаан хангамжийг үе шаттай сэргээж, зуух, турбины тоноглолуудыг ажиллуулан, дулааны шугамын усны эргэлтийг эхлүүлжээ.
Аравдугаар сарын 30-ны өдрийн 07:46 цагт станц 32 МВт-ын ачаалалтай ажиллаж, дулааны сүлжээний усны температурыг 70°C хүртэл нэмэгдүүлэн хэвийн ажиллагааг хангасан байна.

Түүнчлэн тавдугаар турбин генераторын удирдлагын компьютертой холбоотой ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэж, турбины дөрөвдүгээр холхивчийн температур өндөр байсантай холбогдуулан үзлэг, хөргөлтийн арга хэмжээ авснаар 11 дүгээр сарын 1-ний шөнийн 03:49 цагт станцыг нэгдсэн сүлжээнд холбож, №7, 9 дүгээр зуухыг уурын шугамд залгаснаар хэвийн горимд шилжүүллээ.
Урьдчилсан байдлаар, гэмтэл гарсан вакум таслуур нь 2007 онд суурилагдсан бөгөөд нийт 19 жил ашиглагдаж байгаа аж. Таслуурын гэмтлийн шалтгааныг тогтоохоор Эрчим хүчний яам, Диспетчерийн үндэсний төв ТӨХК болон ДДЦС ТӨХК-ийн мэргэжлийн инженерүүд хамтран технологийн саатал доголдол бүртгэлийн төхөөрөмжийн бичлэг, реле хамгаалалтын ажиллагаанд дүн шинжилгээ хийж байна.
Салбарын сайдын зүгээс цаашид хүнээс хамаарсан алдаа гаргахгүйн төлөө бүх шатандаа хичээн ажиллах шаардлагатайг анхааруулж, өвлийн оргил ачааллын үед эрсдэлийн бэлэн байдалд байх, шуурхай арга хэмжээ авах чиглэлд тодорхой үүрэг даалгавар өгөв.
