Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Дархан, 2026 оны аравдугаар сарын 29 /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймгийн “Зулзагын гол” хүүхдийн зуслан Монгол Улсад хүүхдийн зуслан үүсэж хөгжсөний 100 жилийн ойгоор “Хүүхдэд ээлтэй байгууллага”-аар шалгарлаа.
1974 онд байгуулагдсан тус зуслан хүүхэд багачуудын зуны амралтыг үр бүтээлтэй өнгөрүүлэх, авьяас чадвараа хөгжүүлэх, найз нөхөдтэйгөө нөхөрлөх, бие даах чадварт суралцах орчин болж, өдгөө 50 гаруй жилийн түүхийг бүтээжээ.
Сүүлийн жилүүдэд зуслангийн байр, орчны тохижилт, хүүхдэд зориулсан үйлчилгээний нөхцөлийг сайжруулахад үе шаттай хөрөнгө оруулалт хийсэн нь амрагч хүүхдийн тоог нэмэгдүүлэхэд нөлөөлсөн байна.
Тухайлбал, 2021 онд амралтын хоёр байрыг бүрэн шинэчилж, 2022 онд дахин хоёр байрыг иж бүрэн тавилгатайгаар засварлажээ. 2023 онд задгай театр, бүжгийн талбайг шинэчилсэн бол 2024 онд өсвөрийн тамирчдад зориулсан, 60 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай, хоёр гал тогоотой шинэ байр ашиглалтад оруулсан байна.
Мөн 2025 онд гал тогооны тоног төхөөрөмжийг бүрэн шинэчилж, аянга зайлуулагч суурилуулжээ. Энэ онд зуслангийн доторх 1.3 км зам, талбайг иж бүрэн засварлан тохижуулсан байна.
Хүүхдийн зуслан нь хүүхдийг зөвхөн амраах бус, бие бялдар, оюун ухаан, нийгэмшихүйн хөгжлийг дэмжих, авьяас чадвараа нээн илрүүлэх, бие даан суралцахад нь туслах чухал орчин юм. Тиймээс зуслангийн орчин, үйлчилгээний чанарыг сайжруулах нь хүүхдийн ая тухтай, аюулгүй амрах нөхцөлийг бүрдүүлэхэд чухал ач холбогдолтойг зуслангийн багш нар онцолж байна.
Монгол Улсад хүүхдийн зуслангийн үйл ажиллагаа 1926 онд Улаанбаатар хотын Яармагийн дэнжид анхны гэр зуслан нээгдсэнээр эхэлжээ. Өнгөрсөн 100 жилийн хугацаанд хүүхдийн зуслангийн үйл ажиллагаа өргөжин хөгжиж, нийслэл болон 21 аймагт 60 гаруй зуслан байгуулагдсан байна. Өдгөө улсын хэмжээнд 72 зуслан үйл ажиллагаа явуулж байна.
Хүүхдийн зуслангийн салбарын сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх, үйл ажиллагааг нь олон нийтэд сурталчлах, ажилтан, мэргэжилтнүүдийг урамшуулах зорилгоор жил бүр шилдэг зусланг шалгаруулдаг уламжлалтай.
Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газраас хүүхдийн байгууллага, зуслангуудын үйл ажиллагааг дэмжихийн зэрэгцээ хүүхдийн хөгжил, хамгааллын бодлого, арга зүйг зуслангийн үйл ажиллагаанд нэвтрүүлэх, ажилтан, мэргэжилтнүүдийг үндэсний болон олон улсын сургалтад хамруулахад анхаарч иржээ.
Ташрамд, “Зулзагын гол” хүүхдийн зуслан өнгөрсөн онд хамгийн олон хүүхэд хүлээн авсан зуслангаар шалгарч байв.

