Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Дархан, 2026 оны арваннэгдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймгийн хэмжээнд энэ оны гуравдугаар улирлын байдлаар 22 байршилд нийт 1344 айлын орон сууц ашиглалтад оржээ. Харин одоогийн байдлаар долоон байршилд 5433 айлын орон сууцны барилга угсралтын ажил үргэлжилж байна.
Шинээр барьж буй орон сууцны нэг м.кв талбайн үнэ хамгийн багадаа 3.3 сая төгрөг байгаа бол дундаж үнэ 3.8-4.2 сая төгрөгийн хооронд байна. Харин барилгын чанар, хийц, ашигласан материал болон орчны тохижилтоос шалтгаалан нэг м.кв талбайн үнэ 8 сая төгрөгт хүрчээ.
Өнгөрсөн онд аймгийн хэмжээнд 19 байршилд нийт 1317 айлын орон сууц ашиглалтад оржээ. Харин энэ оны гуравдугаар улирлын байдлаар ашиглалтад орсон орон сууцны тоо өмнөх жилийн бүтэн жилийн үзүүлэлтээс давсан байна. Жилийн эцэс гэхэд ашиглалтад орох орон сууцыг тооцвол 2026 онд өмнөх оныхоос 400-500 айлаар илүү орон сууц ашиглалтад орох урьдчилсан төлөвтэй байгаа аж.
Орон сууцны барилгын давхрын хувьд 12 болон 16 давхар барилга 11 байршилд, 10 давхар барилга 16 байршилд, есөн давхар барилга 25 байршилд барьж байгаа юм. Мөн бусад байршилд 5, 7, 8 болон 13 давхар орон сууцны барилгын ажил үргэлжилж байна.