Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Дархан, 2026 оны арваннэгдүгээр сарын 11 /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд сургууль орчмын бүсэд үйл ажиллагаа явуулж буй хүнсний дэлгүүр, түргэн хоолны газар, худалдааны төвүүдэд төлөвлөгөөт бус шалгалтыг эхлүүллээ.
“Хүүхдийн төлөө-Хүнсний аюулгүй байдалд за гэж хэлье” аяны хүрээнд хийж буй шалгалтаар хүүхдэд худалдаж буй хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдал, хадгалалт, худалдаалалтын нөхцөлийг шалгаж, эрүүл мэндийг нь хамгаалахад чиглэж байна.
Шалгалтыг ХХААХҮЯ, ЭМЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Боловсролын ерөнхий газар болон аймгийн Боловсролын газар хамтран хийж байна.
Эцэг, эх, асран хамгаалагчдаас сургуулийн орчимд гарал үүсэл нь тодорхойгүй, чихрийн агууламж өндөртэй, түргэн муудах хүнсний бүтээгдэхүүн худалдаж байна гэсэн гомдол, хүсэлт ирүүлдэг. Иймд сурагчдаас худалдан авдаг хүнсний бүтээгдэхүүний талаар мэдээлэл авч, худалдаалж буй хүнсний чанар, аюулгүй байдалд хяналт тавьж байгаа юм.
Шалгалтын үеэр худалдаа эрхлэгчдэд бараа бүтээгдэхүүнийг лангуунд өрөх бүрдээ дуусах хугацааг шалгах, хугацаа хэтэрсэн бүтээгдэхүүнийг худалдаанаас нэн даруй татах, хөргүүр, хөлдөөгч бүрд термометр байрлуулж, температурыг тогтмол хэмжин тэмдэглэхийг зөвлөж байна.
Түүнчлэн бүтээгдэхүүний гарал үүслийг нотлох баримт бичиг, нийлүүлэгчийн мэдээллийг хадгалах, шошгон дээрх монгол хэлээрх мэдээлэл, үйлдвэрлэсэн болон дуусах хугацаа, хадгалах нөхцөлийг нягтлах шаардлагатайг анхааруулжээ.
Мөн тасалгааны хэмд болон хөргүүрт хадгалах бүтээгдэхүүнийг зориулалтын дагуу зөв байрлуулах, худалдагч, ажилтнуудын хүнсний аюулгүй байдлын мэдлэг, дадал, хариуцлагад анхаарахыг зөвлөсөн байна.
Хяналт, шалгалтын үеэр дэлгүүр, худалдааны газраа түр цэвэрлэж, эмхлэхээс илүүтэй өдөр бүр хүнсний аюулгүй байдлыг хангаж ажиллах нь худалдаа эрхлэгчдийн үндсэн үүрэг, хариуцлага гэдгийг аймгийн Эрүүл мэндийн газар болон Стандарт, хэмжил зүйн хэлтсийн мэргэжилтнүүд онцоллоо.