Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Сайншанд, 2026 оны аравдугаар сарын 29 /МОНЦАМЭ/. Дорноговь аймаг Япон Улсын Шизуока муж хоорондын хамтын ажиллагааны 15 жилийн ой энэ жил тохиож байна.
Аймаг, муж хоорондын хамтын ажиллагааны хүрээнд аймгийн Засаг дарга О.Батжаргал, аймгийн ИТХ-ын дарга Н.Алдарбаяр нар Япон Улсын Шизуока мужийн дэд амбан захирагч, орлогч Цукамото Хидэцүна тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзан хоёр талын найрамдалт харилцаа, хамтын ажиллагааны 15 жилийн түүхэн замналыг эргэн дурсаж, өнгөрсөн хугацаанд бий болгосон ололт амжилт хийгээд цаашид хамтран хэрэгжүүлэх төсөл, үйл ажиллагааны талаар санал солилцлоо.
Өнгөрсөн хугацаанд аймаг, муж хооронд боловсрол, эрүүл мэнд, дэд бүтэц зэрэг өргөн хүрээнд хамтын ажиллагааг өрнүүлж төрийн алба хаагчдыг дахин сургах, мэргэшүүлэх ажлыг үр дүнтэй зохион байгуулсан байна. Мөн боловсролын салбарт “Багш, сурагч солилцооны хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэн нийт 560 гаруй сурагчийг хамруулжээ.
Өөрөөр хэлбэл говь нутгийн хүүхэд багачууд Японы Шизуока мужид аялж япон орны хөгжил дэвшил, соёл урлаг, ерөнхий боловсролын сургуулийн үйл ажиллагаатай танилцсан бол япон хүүхдүүд говь нутагт ирж Монголын түүх, соёлын өв уламжлалтай танилцаж, ерөнхий боловсролын сургууль, хүүхдийн зусланд зочилж боловсрол, урлаг, спортын үйл ажиллагаанд оролцож байв.
Цаашид ахлах ангийн сурагч солилцооны хөтөлбөрийг өргөжүүлэх, бохир ус цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаа, саарал усны дахин ашиглалт, техникийн мэдлэг, туршлага солилцоог хөгжүүлэх, эрүүл мэнд, асаргаа сувилгааны чиглэлээр мэргэжилтэн солилцох, хамтарсан сургалт, туршлага судлах, үндэсний язгуур урлаг, соёлын үйл ажиллагаа, аялал жуулчлалын туршлага солилцох, иргэд хоорондын харилцааг нэмэгдүүлэх зэрэг олон ажлыг өргөн хүрээнд зохион байгуулах талаар ярилцсан байна.

