Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Сайншанд, 2026 оны арваннэгдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. Дорнын говийн хөг эгшиг аялгуу урлаачид, утга уянга, уран үгсийн авьяастнууд, зураачид, амьдралыг гэрэл сүүдрээр өгүүлдэг гэрэл зурагчдын хамтарсан “Урланд ирсэн намар-4” үзэсгэлэнгийн нээлт өчигдөр аймгийн Музей сургалт, судалгааны төвийн үзэсгэлэнгийн танхимд боллоо.
Намар бол бүтээж туурвидаг хэн бүхний авьяас онгодыг өдөөж байдаг онцгой мэдрэмжийн улирал юм. Хаа нэгтэй шарласан навчис хийсэн одох, шувууд ганганан буцах, хүмүүс нүүдэл суудал хийх, эзгүй ээрэм талд зэрэглээ татаж ингэ буйлж, ботго гунганах, намар оройны бороонд нялх ногоо хэнзлэн ургах... гээд намар олон өнгөтэй.
Өмнөх жилүүдийн үзэсгэлэнд зураачид, эсвэл гэрэл зурагчид яруу найрагчдын хамтарсан бүтээлийг олонд хүргэдэг байсан бол энэ удаа хөгжмийн зохиолчид, зураачид, яруу найрагчид, гэрэл зурагчид оролцож өөрсдийн бүтээл туурвилаа олон нийтэд дэлгэсэн нь үзэсгэлэнгийн цар хүрээг нэмэгдүүлжээ.
Энэ удаагийн үзэсгэлэнд уран бүтээлчдийн дөрвөн
холбооны нийт 32 уран бүтээлийг дэлгэсэн байна. Монголын Зохиолчдын “Хурмаст тэнгэр” төвөөс МЗЭ-ийн шагналт яруу найрагч Х.Цэрэндорж, МЗЭ-ийн болон
Г.Сэр-Одын нэрэмжит шагналт яруу найрагч Б.Лхагвадорж, Э.Эрдэнэдалай, МЗЭ-ийн
шагналт “Мөнгөн цом”-ын эзэн яруу найрагч Э.Анхбаяр, Г.Сэр-Одын болон шилдэг
бүтээлийн “Алтан өд”-ийн шагналт яруу найрагч Д.Эрдэнэзулай, Г.Сэр-Одын шагналт
яруу найрагч С.Бэрцэцэг, яруу найрагч М.Ганбаатар, Б.Уянга нар уран бүтээлээрээ
оролцлоо.
Тэд “Агаарт гуниг зурна”, “Дэрсэнэ усны намар”, “Хөдөө”, “Салхины дэргэд…” хэмээх олон бүтээлээрээ “Урланд ирсэн намар”-ыг бичиглэв.
Харин “Дорнын говийн
аялгуу урлаачид” холбооноос МУУГЗ, ОХУ-ын Буриад Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн
Д.Нацагдорж, Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Ш.Өлзийбаяр, Б.Мөнгөн-Өлзий, Монгол Улсын Гавьяат жүжигчин
Н.Лантуу, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, морин хуурч Х.Болдбаатар, нэрт
морин хуурч Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан Ч.Банзрагч, Ц.Жагдал,
Д.Пунцагбал зэрэг нэгэн үед хөгжмийн бүтээлээрээ алдаршиж байсан олон уран
бүтээлчийн бүтээлийг дэлгэсэн юм. Үзэсгэлэнгийн дундуур Д.Пунцагбалын аялгуу
“Хөөрхөн борлог мориороо
Хөндийг туулах сайхан даа
Хөгшин буурал ээжийгээ
Хүндлэн асрах сайхан даа” хэмээн олон өнгийн аялгуугаар “Урланд ирсэн намар”-ыг хөглөсөн юм.
Харин “Дорнын говийн тусгал” гэрэл
зурагчдын холбооноос сэтгүүлч, гэрэл зурагчин Ш.Энхбаяр, Х.Эрдэнэбулган,
Ч.Энхбаатар, Д.Лхагвасүрэн, П.Нямцэцэг, Г.Ганбаяр нар оролцлоо. Гэрэл зурагчид
говийн байгалийн үзэсгэлэн, намрын өнгө, хүн зоны аж амьдралыг гэрэл зургаар
өгүүллээ. Монголын Урчуудын Эвлэлийн Дорноговь
дахь салбараас МУСТА зураач Л.Халзан, Ц.Адъяасүрэн, Б.Үлэмжбат, Д.Ганпүрэв,
Б.Түвшинтөр, Б.Даваадаш, Б.Мөнхжаргал, Э.Батхуяг нарын уран бүтээлийг толилуулжээ.
Зураачид усан болон тосон зургийн
төрлөөр, баримлаар намар цагийн өнгийг урлажээ.

Хөгжим сонсох, уран зураг үзэх нь тухайн хүн нэг л төрлийн мэдрэмжийг хүлээн авдаг бол хөгжим, яруу найраг, уран зураг, гэрэл зургийг нэг дор үзэж сонирхох нь сэтгэлийг ихэд баясгах нь зүйн хэрэг билээ. “Урланд ирсэн намар-4” үзэсгэлэн арав хоног үргэлжилнэ.



