Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Сайншанд, 2026 оны арваннэгдүгээр сарын 11 /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн нутагт буй хөшөө, дурсгалыг цувралаар танилцуулж байна. Энэ удаа Хөвсгөл сумын ЗДТГ-ын өмнө байдаг говийн V ноён хутагт Лувсанданзанравжаагийн хөшөөний тухай хүргэе.
Энэ хөшөөг 2019 онд Хөвсгөл сум үүсэн байгуулагдсаны 95 жилийн ойн баярыг тохиолдуулан Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар бүтээжээ. Барилгын бетонон суурин дээр нимгэн төмрөөр зорж урласан энэ хөшөө бол Ноён хутагтын бүтээл номоо бясалгаж буй дүрийг өгүүлнэ. Ноён хутагтын гурван шүтээн буюу хилэнцийг баруун мөр дээр нь урлаж, орхимжоо урагш нь унжуулж, агаарт завилан сууж буйгаар дүрсэлсэн нь ном эрдмийн оргилд гарсан хувилгаан хүнийг илтгэдэг.
Их соён гэгээрүүлэгч, говийн V догшин ноён хутагт Дулдуйтын Данзанравжаа монгол, төвөд хэлээр уран зохиол, философи, шашин, театрын чиглэлээр 400 гаруй бүтээл туурвисан, олон талын авьяастай хүн байжээ. Түүний уран бүтээлийн өвд 300 гаруй яруу найраг, сургаал шүлэг, 100 гаруй урт болон богино хэмжээний дуу, жүжгийн 10 дэвтэр зохиол багтдаг.
Түүх сөхвөл, Хөвсгөл суманд говийн гурван хутагт мэндэлсэн байдаг. Тухайлбал, говийн нэгдүгээр ноён хутагт Авгаангончигийн бунхан буюу Бурхант хайрхан, говийн тавдугаар ноён хутагт Данзанравжаагийн төрсөн нутаг Шувуун шанд, говийн есдүгээр ноён хутагт Данзанлувсантүдэвийн төрсөн нутаг эдүгээ түүхийн гэрч болон оршиж байна.
Эрчим энерги шингэсэн нутгаас ардын хувьсгалын партизан Ц.Сүхээ, Эрүүлийг хамгаалахын сайд, доктор Ж.Шийнэн, академич Н.Ишжамц, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн цөмийн физикийн доктор Ч.Цэрэн, геологийн ухааны доктор академич О.Төмөртогоо, богино өгүүллэгийн зохиолч Ж.Лхагва, УИХ-ын гишүүн асан Ц.Шаравдорж зэрэг нэр алдар нь түгсэн олон хүмүүс төрөн гарчээ.
