Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Сайншанд, 2026 оны арваннэгдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. Эзэн богд Чингис хааны мэндэлсэн өдөр буюу “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан аймгийн Музей сургалт, судалгааны төвөөс музейн сан хөмрөгт хүндтэй байр суурь эзэлдэг Чингис хааны төрт улсын шүтээн, хангал эхт цагаан туганд 11 дүгээр сарын 12-нд хүндэтгэл илэрхийлнэ.
“Соёлын бүтээлч сар”-ын хүрээнд болох уг хүндэтгэлийн ёслолд соёлын байгууллагын ажилтнууд үндэсний хувцсаараа гоён оролцох юм. Дорноговь аймгийн хууль хяналтын байгууллагын ажилтнууд болон төрийн албан хаагчид Их Монгол Улсын үеэс уламжлагдан ирсэн энэхүү цагаан туганд хүндэтгэл үзүүлж, уламжлалыг нь хадгалсаар иржээ. Эзэн Чингис хааны удмын хаад их сүлдний шүтээнийхээ дагуул тугийг улсынхаа хилийн дагуу байршуулж, улс гэрээ хамгаалдаг байсан тухай шинжлэх ухааны доктор, Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн С.Дулам судалгааны бүтээлдээ дурдсан байдаг.
Манж Чин улсын ноёрхлын үед төрийн энэхүү шүтээнийг чандлан нууцалж, нэг нэгээр нь салган өөр өөр газарт байршуулж байсан бөгөөд 1600-гаад оны үед улсын зүүн өмнөд хилийн Хутаг уулын орчимд 100 орчим дагуул тугийн хамт тахиж байжээ. Эзэнт улсын шүтээн, төр улсын сүр сүлд хэмээн дээдэлж ирсэн уг цагаан тугийг Дорноговь аймгийн Хөвсгөл сумын нутаг дахь Сүлдэн хөх толгойд тахидаг байжээ. Сүүлчийн тугч Д.Дорж 1930-аад оны дунд үе хүртэл уг тугийг тахиж байсан ч улс төрийн хэлмэгдүүлэлт эхэлснээр энэ уламжлал тасарсан гэдэг. Түүний үр удам болох 200 гаруй хүн өдгөө “Тугч” овгийг залгамжлан үргэлжлүүлж байна.
Сонирхуулахад, 1940-өөд оны эхээр Маршал Х.Чойбалсан Сүлдэн хөх толгойд ирж энэхүү туганд хүндэтгэл илэрхийлж, зургийг нь авч улсын архивт хадгалуулж байжээ. Хожим 2001 онд Д.Ойдов гэх хүн хадгалж байгаад дахин сэргээж, Дорноговь аймгийн Музей, сургалт судалгааны төвийн (МССТ) сан хөмрөгт хүлээлгэн өгсөн нь эдүгээ орон нутгийн брэнд үзмэр болон хадгалагдаж байна.
