Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Сайншанд, 2026 оны арваннэгдүгээр сарын 8 /МОНЦАМЭ/. Хүнд даацын цахилгаан тээврийн хэрэгсэл цэнэглэх “Ногоон өртөө”-ний төсөл Замын-Үүдэд өчигдөр нээлтээ хийлээ.
Өртөө ашиглалтад орж 200 цахилгаан ачааны машин тээвэр хийж эхэлснээр Замын-Үүдээс Улаанбаатар чиглэлийн тээврийн зардал 30 хувиар буурах тооцоо гарчээ.
Нээлтийн үйл ажиллагаанд Ерөнхий сайд Н.Учрал оролцохдоо "Цахилгаан тээврийн хэрэгсэл айл өрхийн хэрэглээнээс давж хүнд даацын тээвэрт нэвтрэх түүхэн цаг үе ирлээ. Засгийн газар хүнд даацын авто машин, иргэдийн хэрэглэж байгаа цахилгаан машиныг гаалын болон онцгой албан татвараас бүрэн чөлөөлж байгаа. Засгийн газраас үндэсний компаниудынхаа дотоодын цэвэр эрчим хүчний үйлдвэрлэлээ өргөтгөх, ногоон дэд бүтэц байгуулах санаачилгыг бодлогоор (татварын хөнгөлөлт гэх мэт) дэмжиж байгаа. Мөн ногоон өртөө байгуулах санаачилга бүхий хувийн хэвшлийн ажлыг бүрэн дүүрэн дэмжиж ажиллахыг бүх шатны байгууллагад үүрэг болгож байна" гэв.
Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн 672 км зам дагуу хувийн хэвшлийн компаниуд долоон “Ногоон өртөө” байгуулж, 200 хүнд даацын цахилгаан авто машиныг тээвэрт нэвтрүүлэхээр төлөвлөжээ. Өртөө бүрд цахилгаан авто машин цэнэглэх станц байгуулахаас гадна жолооч нарын амрах, ая тухтай үйлчлүүлэх нөхцөлийг бүрдүүлсэн үйлчилгээний төв ажиллуулах юм.
Хүнд даацын цахилгаан авто машин цэнэглэх эрчим хүчийг Замын-Үүд дэх “Гэгээн” нарны цахилгаан станцаас хангаж байгаа юм. Өөрөөр хэлбэл, ногоон эрчим хүчээр ногоон эдийн засгийг дэмжиж буйгаараа онцлогтой. Энэхүү төслийг "Мон ложистик" групп дотоодын бусад үндэсний компаниудын хөрөнгө оруулалтаар санхүүжүүлж байгаа юм.
