Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Сайншанд, 2026 оны аравдугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Дорноговь аймаг, Япон Улсын Шизуока муж хоорондын хамтын ажиллагааны хүрээнд бохир усны нөөцийг ашиглах чадавхыг сайжруулах төсөл”-ийн III шатны ажлыг хэрэгжүүлж эхэлнэ.
Тус мужийн ЗДТГ-ын Тээвэр, дэд бүтцийн газрын Ахуйн бохир усны хэлтсийн дарга Кооно Нобүо тэргүүтэй төлөөлөгчид өчигдөр аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын алба хаагчидтай уулзаж төслийг хэрэгжүүлэх хамтын ажиллагааны талаар санал солилцжээ.
Энэхүү төслийг Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА) олон улсын байгууллагын санхүүжилтээр Дорноговь аймаг, Шизуока мужийн хамтын ажиллагааны хүрээнд 2026-2028 онд хэрэгжүүлэх бөгөөд хүний нөөцийг чадавхжуулах, дадлагажуулах, туршлага солилцох зэрэг ажлыг зохион байгуулах юм.
Дээрх төслийг өмнө нь 2012 оноос хойш хоёр үе шаттай хэрэгжүүлж ирсэн бөгөөд бохир ус цэвэрлэх байгууламжийн инженер, ажилтнуудыг бэлтгэж ирсэн бол энэ удаа цэвэрлэсэн бохир усны нөөцийг эргүүлэн үр ашигтай ашиглах чадамжийг сайжруулахад голлон анхаарах аж.
Ташрамд, 2023 онд “Бохир усны нөөцийг ашиглах чадавхыг сайжруулах төсөл II”-ын хүрээнд “Бохир ус цэвэрлэх байгууламжийг ашиглалтад хүлээн авах, үйл аж ажиллагааг сайжруулах” сэдэвт гурван өдрийн сургалтыг Сайншанд хотноо 21 аймаг, есөн дүүргийн төлөөллийг оролцуулан Шизүока мужийн бодлогын хэлтэс болон мэргэжилтнүүдтэй хамтран зохион байгуулж байв.
Дорноговь аймагт газрын тос боловсруулах үйлдвэр, Алтанширээт үйлдвэрлэл технологийн парк зэрэг томоохон төслүүд хэрэгжүүлж, хүн амын төвлөрөл нэмэгдэж байгаа энэ үед уг төсөл нь бохир ус татан төвлөрүүлэх, цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагааг сайжруулахад чухал хувь нэмэр оруулах юм.
