Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Сайншанд, 2026 оны арваннэгдүгээр сарын 6 /МОНЦАМЭ/. Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлөөс 18.0 сая төгрөгийн үнэ бүхий цусны биохимийн анализаторыг аймгийн Мал эмнэлгийн лабораторид хүлээлгэн өглөө.
Энэхүү багаж, тоног төхөөрөмж нь мал, амьтны халдваргүй өвчний оношилгоо, шинжилгээг богино хугацаанд хийх боломжийг бүрдүүлж, цусны биохимийн 18 нэр төрлийн үзүүлэлтийг тодорхойлох хүчин чадалтай юм. Тус анализатороор уул уурхайн нөлөөллийн бүсийн мал амьтны эрхтэн системийн өөрчлөлтийг тогтоох, хурдан морины болон уралдааны морь, тэмээ, үхэр, хонь, ямаа, нохой, муур зэрэг мал, амьтны төрөл бүрийн өвчнийг оношлох, шинжилгээний үр дүнд үндэслэн эмчилгээний оновчтой, зөв хувилбарыг сонгоход онцгой ач холбогдолтой аж.
Энэхүү тоног төхөөрөмжийг ашиглалтад нэвтрүүлснээр лабораторийн оношилгооны чадавх нэмэгдэж, мал, амьтны өвчнийг эрт илрүүлэх, оношилгоо, эмчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах чухал нөхцөл бүрдэж байна. Дорноговь аймагт өнгөрсөн хугацаанд малын шүлхий болон цэцэг, годрон өвчин гарч байсныг тухайн үед шинжлэн тогтоож зохих арга хэмжээг авч байв.

Дорноговь аймгийн хэмжээнд 2025 оны мал тооллогын урьдчилсан
дүнгээр нийт 1,6 сая толгой мал тоологдсон бөгөөд малын тоо өмнөх оноос 191.8
мянган толгойгоор буюу 13.8 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа юм.