Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Сайншанд, 2026 оны арваннэгдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал өнгөрсөн амралтын өдрүүдэд Дорноговь аймагт ажиллах үеэрээ Замын-Үүд хилийн боомтод очиж, нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх, импортын бараа бүтээгдэхүүний тээвэр, логистикийг сайжруулах, гаалийн хяналт, бүрдүүлэлтийг шуурхай, ил тод болгох чиглэлээр холбогдох албаныханд үүрэг өглөө.
Замын-Үүд боомтоор Монгол Улсын гадаад худалдааны ачаа тээврийн 80 гаруй хувь дамжин өнгөрдөг бөгөөд улсын хамгийн том боомт юм. Тус боомтоор өдөрт дунджаар 1700 орчим зорчигч тээврийн хэрэгсэл, 1200 орчим ачааны авто машин нэвтэрч байгаа нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 20 хувиар өссөн үзүүлэлт аж.
Цаашид хилээр нэвтрэх зорчигч, тээврийн хэрэгслийн урсгал нэмэгдэх төлөвтэй байгаа тул импортын ачаа болон цахим худалдаагаар ирж буй бараа бүтээгдэхүүнийг хүлээн авах, ангилах, хадгалах, гаалийн бүрдүүлэлт хийх, цааш тээвэрлэх үйл ажиллагааг нэг дор төвлөрүүлсэн нэгдсэн терминал байгуулах ажлыг эрчимжүүлэх, нэмэлт гарц байгуулах, ажиллах цагийг уртасгах асуудлаар БНХАУ-ын талтай хэлэлцэхээр болсон байна.
Гаалийн хяналтыг эрсдэлд суурилсан тогтолцоонд шилжүүлж, бараа бүтээгдэхүүний эрсдэлийн түвшинд тохируулан шалгах шаардлагатайг мөн онцолжээ. Ингэснээр эрсдэл багатай барааг шуурхай нэвтрүүлэхийн зэрэгцээ өндөр эрсдэлтэй ачаанд нарийвчилсан хяналт тавих боломж бүрдэх юм. Түүнчлэн гаалийн бүрдүүлэлт, хяналт шалгалтын шат дамжлагыг цөөлж, давхардсан ажиллагаа, шаардлагагүй хүнд суртлыг арилгах нь чухал гэдгийг тэмдэглэв.
Ташрамд, Замын-Үүд боомтын бүсэд 15 мянга орчим хүн байнга оршин суудаг бөгөөд түр оршин суугчдыг оролцуулбал хүн амын тоо 25 мянга орчимд хүрдэг байна.

