Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Мандалговь. 2026 оны аравдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Говийн бүсийн эх барих, эмэгтэйчүүдийн эмч нарын жирэмсний хэт авиан оношилгоо болон эмэгтэйчүүдийн шээс задгайрах, аарцгийн ёроолын эмгэгийн оношилгоо, эмчилгээний чиглэлээрх онол, дадлага хосолсон сургалт аравдугаар сарын 17-нд Дундговь аймгийн Мандалговь суманд боллоо.
Монголын Эх барих, эмэгтэйчүүдийн эмч нарын холбооны Хувийн хэвшлийн салбар зөвлөлийн санаачилгаар зохион байгуулсан сургалтаар ургийн өсөлтийн саатал, бүтцийн гажиг, ихэр жирэмслэлт, умайн гадуурх жирэмслэлт, ургийн хавангийн оношилгоо, цэвэршилтийн дараах үеийн хэт авиан шинжилгээ зэрэг сэдвийг авч үзжээ. Мөн ургийн хэт авиан оношилгоо, бага аарцгийн нөхөн сэргээх мэс заслын дадлага хийж, гэр бүлийг төрөлтөд бэлтгэх арга зүйн талаар мэдлэг, туршлага солилцсон байна.

Сургалтад анагаах ухааны доктор, дэд профессор Г.Мэндсайхан, клиникийн профессор О.Батсүх, Д.Владимир болон эх барих, эмэгтэйчүүдийн чиглэлээр мэргэшсэн эмч нар оролцов. Энэ үеэр Дорноговь аймгийн эх барих, эмэгтэйчүүдийн эмч Д.Болормаа, тус аймгийн Анагаах ухааны сургуулийн багш, анагаах ухааны магистр Г.Ариунзаяа нар судалгааны илтгэл танилцуулжээ.
Онол, дадлага хосолсон сургалт нь жирэмсний үеийн эрсдэлийг эрт илрүүлэх, ургийн хөгжлийг үнэлэх, эх, урагт учирч болзошгүй хүндрэлээс урьдчилан сэргийлэх, эмэгтэйчүүдийн өвчнийг оношлох, эмчлэх эмч нарын ур чадварыг дээшлүүлэх ач холбогдолтой юм. Түүнчлэн бүсийн эмч нарын мэргэжлийн хамтын ажиллагааг өргөжүүлж, орон нутагт үзүүлэх эх барих, эмэгтэйчүүдийн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулахад чиглэжээ.