Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Мандалговь, 2026 оны арваннэгдүгээр сарын 4 /МОНЦАМЭ/. Дундговь аймагт энэ оны эхний есөн сарын байдлаар малын хулгайн гэмт хэргийн илрүүлэлт 93.8 хувьд хүрчээ.
Гэмт хэргийн гаралтыг бууруулах, малчдын эд хөрөнгийг хамгаалах, мал, махны хууль бус худалдаа, тээвэрлэлтийг таслан зогсоох зорилгоор “Мал мах-2026” нэгдсэн шалгалт, хяналтыг зохион байгуулж байна.
Уг ажлыг аймгийн ИТХ, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Цагдаагийн газар хамтран хэрэгжүүлж байгаа бөгөөд малын хулгайн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, илрүүлэх чиглэлээр хяналт шалгалт, эргүүл хийж эхэлжээ.
Хяналт шалгалтаар мал, махны гарал үүслийн гэрчилгээ, тээвэрлэлтийн баримт бичгийг шалгаж, хууль бус тээвэрлэлтийг илрүүлэхийн зэрэгцээ малчид, мал бүхий иргэдэд малаа байнгын хариулга, хараа хяналттай байлгах, им, тамга, бүртгэлээ баталгаажуулах талаар зөвлөмж, мэдээлэл хүргэж байна.
Улсын хэмжээнд “Мал мах-2026” нэгдсэн шалгалтын хүрээнд 138 хяналтын постод 273 алба хаагч үүрэг гүйцэтгэж, мал эмнэлгийн цахим гарал үүслийн гэрчилгээгүй мал, мах тээвэрлэсэн 172 зөрчлийг илрүүлжээ.
Мөн малын хулгайн гэмт хэргийн шинжтэй 86 өргөдөл, гомдол, мэдээлэл хүлээн авснаас 12 хэргийг илрүүлж, хулгайлагдсан 71 бод малыг эзэд нь буцаан олгосон байна.
Малын хулгайн гэмт хэрэг нь малчдын амьжиргаа, эдийн засгийн орлогод шууд нөлөөлдөг тул малын бүртгэл, тэмдэглэгээг сайжруулах, мал, махны худалдаа, тээвэрлэлтийг хяналттай болгох нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогдолтой юм.
Иймд малчид, мал бүхий иргэдийг малаа байнгын хариулга, хараа хяналттай байлгах, бүртгэл, тэмдэглэгээгээ баталгаажуулах, малын хулгайн гэмт хэрэг, зөрчлийн талаар цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт шуурхай мэдээлэхийг уриаллаа.
