Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Мандалговь, 2026 оны аравдугаар сарын 30. /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн хэмжээнд мөрдөх татвар, төлбөр, хураамжийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай тогтоолын төслүүдийг боловсруулж, иргэд, бизнес эрхлэгчдийн саналыг авч байна.
Тодруулбал, Агаарын бохирдлын төлбөрийн тухай, Авто замын тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд агаарын бохирдлын төлбөр, автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, авто зам, замын байгууламж ашигласны төлбөр, улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг шинэчлэн тогтоохоор төсөл боловсруулжээ.
Мөн нийтийн эдэлбэр газрын энгийн хог хаягдлыг цэвэрлэх болон булшлах зардлын нэгж тарифыг тогтоох тухай төслүүдийг боловсруулан, Төрийн байгууллагын нэгдсэн цахим хуудас www.gov.mn-ийн “Хэлэлцүүлэг” хэсэгт байршуулж, олон нийтийн санал авч байна.
Авто тээврийн хэрэгслийн албан татварын хувь хэмжээг шинэчлэх төсөл нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшлийн тээврийн хэрэгсэлд хамаарах бол агаарын бохирдлын төлбөрийн төсөлд тээврийн хэрэгсэл эзэмшигч, түүхий нүүрс олборлогч, органик уусгагч үйлдвэрлэгч, импортлогч болон агаар бохирдуулах эх үүсвэр ашиглагч иргэн, байгууллагууд хамрагдахаар тусгажээ.
Энэ хүрээнд аймгийн 15 сумын төлөөлөл болсон 73 иргэн, бизнес эрхлэгчийг хамруулан хэлэлцүүлэг зохион байгуулж, тогтоолын төслүүдийн агуулга, зохицуулалтыг танилцуулан санал авчээ.
Татвар, төлбөр, хураамжийн хэмжээ нь иргэдийн өрхийн зардал, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааны зардал, бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ, ашигт ажиллагаанд нөлөөлдөг. Тухайлбал, тээврийн хэрэгслийн албан татвар, авто зам ашигласны төлбөр нь тээврийн салбарын, хог хаягдлыг цэвэрлэх, булшлах тариф нь худалдаа, үйлчилгээ эрхлэгчдийн зардалд нөлөөлөх юм. Иймд төлбөрийн хэмжээг тогтоохдоо орон нутгийн эдийн засгийн нөхцөл, иргэдийн амьжиргааны түвшин, бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааны онцлогийг харгалзан үзэх шаардлагатай.
Иргэд, бизнес эрхлэгчдийн саналыг тогтоолын төсөлд тусгах нь төлбөрийн зохицуулалтыг ил тод болгох, олон нийтийн оролцоог хангах, шийдвэрийг орон нутгийн бодит нөхцөлтэй уялдуулах ач холбогдолтой юм. Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 62 дугаар зүйлд заасан захиргааны хэм хэмжээний актын төсөлд олон нийтийн оролцоог хангаж, санал авах зохицуулалтын дагуу явуулж байна.