Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ
Улаангом, 2026 оны арваннэгдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. Увс нуурын ай савын улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргааны аялал жуулчлал, орчны бүс хариуцсан мэргэжилтэн Э.Жавзансүрэнтэй аялал жуулчлалын хөгжил, орчны бүсийн хамгаалалт, түүний ажлын онцлогийн талаар ярилцлаа.
-Та байгаль хамгаалал, аялал жуулчлалын чиглэлээр хэдэн жил ажиллаж байна вэ? Ажлын тань гол онцлог юу вэ?
-Би байгаль хамгаалал, аялал жуулчлалын салбарт 20 гаруй жил ажиллаж байна. Энэ хугацаанд байгаль хамгаалах ажил ямар үнэ цэнтэй, байгалийн баялаг, биологийн олон янз байдлыг хойч үедээ өвлүүлэн үлдээх нь хэчнээн чухал болохыг ажлын туршлагаараа ойлгож ирсэн. Миний хариуцсан үндсэн ажил бол Увс нуурын ай савын улсын тусгай хамгаалалттай газар нутгийн аялал жуулчлалыг байгальд ээлтэй, хариуцлагатай хөгжүүлэх юм. Үүний тулд аяллын маршрут, отоглох цэгийн зохион байгуулалтыг сайжруулах, орчны бүсийн иргэдийн байгаль хамгаалалд оролцох оролцоог нэмэгдүүлэх, аялал жуулчлалаар дамжуулан байгаль хамгаалахын ач холбогдлыг сурталчлан таниулах чиглэлээр ажиллаж байна.
-Увс нуурын ай савын байгалийн өвөрмөц тогтоц, экологийн үнэ цэн юунд оршдог вэ?
-Увс нуурын ай сав нь Монгол орны баруун хойд хэсэгт оршдог, байгалийн өвөрмөц тогтоц, экосистемийн олон янз байдлаараа онцлог бүс нутаг юм. Энд өндөр уулын мөсөн голоос эхлээд уулын хээр, говь цөл, цэнгэг уст гол мөрөн, давст нуур, намгархаг газар зэрэг байгалийн олон төрөл зүйл, тогтоц зэрэгцэн оршдог. Увс нуурын ай савыг ЮНЕСКО-гийн Дэлхийн байгалийн өвийн жагсаалтад бүртгэсэн бөгөөд Рамсарын конвенцын Олон улсын ач холбогдол бүхий ус, намгархаг газрын нэг юм. Түүнчлэн ЮНЕСКО-гийн Шим мандлын нөөц газрын дэлхийн сүлжээнд багтдаг.
Энэ бүс нутаг нь цоохор ирвэс, аргаль, янгир зэрэг ховор амьтдын амьдрах орчин төдийгүй нүүдлийн шувуудын нүүдэл, үржлийн чухал нутаг юм. Тиймээс Увс нуурын ай савыг хамгаална гэдэг нь зөвхөн газар нутгийг хамгаалах бус, байгалийн хосгүй тогтоц, биологийн олон янз байдлыг хадгалж, дэлхийн байгалийн өвийг хойч үедээ өвлүүлэн үлдээх чухал үүрэг юм.

-Увс нуурын ай савыг зорих жуулчдын тоо нэмэгдэж байна уу? Тэд ямар төрлийн аяллыг түлхүү сонирхож байна вэ?
-Сүүлийн жилүүдэд Увс аймгийг зорих дотоод, гадаадын аялагчдын сонирхол нэмэгдэж байна. Тухайлбал, 2025 онд манай тусгай хамгаалалттай газар нутгуудад нийт 34604 жуулчин бүртгэгдсэний 342 нь гадаад, 34262 нь дотоодын аялагч байлаа. Энэ хугацаанд хамгаалалтын хураамжаас 149.56 сая төгрөгийн орлого төвлөрүүлсэн. Харин 2026 оны жилийн эцсийн тоон мэдээлэл хараахан гараагүй байна.
Гадаадын аялагчид өндөр уулын өвөрмөц тогтоц, цоохор ирвэс, аргаль, янгир зэрэг ховор амьтдыг байгальд нь ажиглах, гэрэл зураг авах аяллыг түлхүү сонирхдог. Харин дотоодын аялагчдын хувьд Увс нуурын байгалийн үзэсгэлэн, амралт, танин мэдэхүйн аялал илүү сонирхол татаж байна.
Цаашид бид жуулчдын тоог нэмэгдүүлэхээс илүүтэй аяллын чанарыг сайжруулах, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, аялал жуулчлалаас орон нутагт хүртэх эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэхэд анхаарах шаардлагатай гэж үзэж байна.
-Танай хамгаалалтын захиргаанаас аялал жуулчлалыг байгальд ээлтэй хөгжүүлэх, жуулчдад үйлчлэх нөхцөлийг сайжруулах чиглэлээр ямар ажлууд хийж байна вэ?
-Бид аялал жуулчлалыг зохион байгуулалттай, байгальд ээлтэй хөгжүүлэх, жуулчдад ая тухтай, аюулгүй зорчих нөхцөл бүрдүүлэхэд анхаарч ажиллаж байна.
Юуны өмнө тусгай хамгаалалттай газар нутгийн аяллын маршрут, отоглох цэгийн зохион байгуулалтыг сайжруулах, жуулчдын аюулгүй байдлыг хангах чиглэлээр ажиллаж байна. Мөн Увс нуурын орчимд жуулчдын хөдөлгөөн, авто машины зогсоол, явган болон дугуйн зам, ариун цэврийн байгууламжийн хүртээмжийг нэмэгдүүлэхээр холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа. Түүнчлэн аялал жуулчлалын үйлчилгээ эрхлэгчидтэй хамтран хог хаягдлын менежментийг сайжруулах, байгальд ээлтэй үйлчилгээ нэвтрүүлэх, аялагчдын байгальд хандах хариуцлагыг нэмэгдүүлэхэд чиглэсэн ажлууд хийж байна. Улаангомын хэсэгт жуулчдад үйлчлэх отоглох цэгийн менежментийг сайжруулж, үйл ажиллагааг гэрээний үндсэн дээр зохицуулж байгаа нь үйлчилгээний чанар, зохион байгуулалтад эерэг нөлөө үзүүлж байна.
Увс нуурын аялал жуулчлалын хөгжилд тулгамдаж буй асуудлын нэг нь дэд бүтцийн хүртээмж юм. Энэ чиглэлээр энэ онд Улаангомоос Увс нуур хүртэлх авто зам барьж, 430 авто машины зогсоол, явган болон дугуйн зам тавьсан. Мөн байгальд ээлтэй ариун цэврийн байгууламж барих, жуулчдын нэвтрэх хөдөлгөөнийг зохицуулах автомат систем нэвтрүүлэх ажил хийж байна. Гэхдээ аялал жуулчлалын дэд бүтцийг хөгжүүлэхдээ байгалийн унаган төрх, экосистемийн эмзэг байдлыг алдагдуулахгүй байх нь бидний баримтлах гол зарчим юм.
-Тусгай хамгаалалттай газар нутгийн орчны бүсэд амьдардаг иргэдийг байгаль хамгаалах ажилд хэрхэн татан оролцуулж, хамтран ажилладаг вэ?
-Байгаль хамгаалах ажил зөвхөн тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа, мэргэжилтэн, байгаль хамгаалагчдын оролцоогоор хязгаарлагдахгүй. Тухайн газар нутгийн орчны бүсэд амьдарч буй иргэдийн оролцоо, дэмжлэг чухал үүрэгтэй.
Бид орчны бүсийн сумдын иргэд, малчид, нөхөрлөл, төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллаж, байгаль хамгаалах мэдлэг, мэдээлэл түгээх, зөв дадал хэвшүүлэхэд анхаардаг. Мөн аялал жуулчлалаас орон нутгийн иргэд эдийн засгийн үр өгөөж хүртэх, уламжлалт мэдлэг, зан заншил, соёлоо аялал жуулчлалтай холбон хөгжүүлэх боломжийг эрэлхийлж байна.
Миний бодлоор иргэдийг байгаль хамгаалах ажилд идэвхтэй оролцуулах хамгийн зөв арга нь байгалиа хамгаалах нь өөрсдөд нь ямар бодит ашиг тустай, үнэ цэнтэй болохыг ойлгуулж, мэдрүүлэх явдал юм.

-Аялал жуулчлалын хөгжил орон нутгийн иргэдийн орлого, амьжиргааг дээшлүүлэхэд ямар боломж бүрдүүлэх вэ?
-Аялал жуулчлалыг зөв хөгжүүлж чадвал орон нутгийн эдийн засгийг дэмжих, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх томоохон боломжтой. Тухайлбал, нутгийн иргэд гэр буудал ажиллуулах, хоол, тээврийн үйлчилгээ үзүүлэх, жуулчдад хөтөч хийх, гар урлал болон уламжлалт бүтээгдэхүүнээ худалдах зэргээр орлого олох боломж бүрдэнэ.
Мөн гадаад, дотоодын жуулчдад зөвхөн байгалийн үзэсгэлэнт газрыг үзүүлэхээс гадна нутгийн иргэдийн ахуй амьдрал, уламжлалт зан заншил, мал аж ахуй, байгальтайгаа зохицон амьдарч ирсэн өв соёлыг танилцуулах нь аяллын онцлог, үнэ цэнийг нэмэгдүүлнэ. Иймээс аялал жуулчлалын хөгжлөөс бий болох эдийн засгийн өгөөжийг орон нутгийн иргэдэд бодитоор хүртээх нь бидний зорьж буй нэг чухал чиглэл юм.
Аялал жуулчлалыг хөгжүүлэхдээ байгаль орчны тэнцвэрт байдлыг хэрхэн хадгалж байна вэ?
-Аялал жуулчлалыг зохион байгуулалтгүй хөгжүүлбэл хөрс талхлагдах, хог хаягдал нэмэгдэх, ус бохирдох, зэрлэг амьтдын амьдрах орчин доройтох зэрэг сөрөг нөлөө үүсдэг. Тиймээс аялал жуулчлалыг байгаль хамгааллын зорилготой уялдуулан хөгжүүлэх нь чухал. Үүний тулд аяллын маршрут, авто машины зорчих хөдөлгөөнийг зохицуулах, жуулчдын төвлөрлийг хянах, хог хаягдлыг багасгах, байгальд ээлтэй ариун цэврийн байгууламж бий болгох шаардлагатай.
Мөн тусгай хамгаалалттай газар нутгуудын аялал жуулчлалын нөөц, даацыг судалж, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг урьдчилан тооцсон менежментийн төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлэх нь чухал байна. Ингэснээр байгалийн унаган төрх, экосистемд сөрөг нөлөө багатайгаар аялал жуулчлалыг хөгжүүлэх боломж бүрдэнэ.
-Увс нуурын ай савын аялал жуулчлалыг цаашид хэрхэн хөгжүүлэх нь зүйтэй вэ?
-Манай бүс нутагт байгальд түшиглэсэн, танин мэдэхүйн, судалгааны болон тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх өргөн боломж бий. Тухайлбал, Увс нуурын орчимд шувуу ажиглах, гэрэл зураг авах аялал, Түргэн болон Цагаан шувуут уулын бүсэд уулын аялал зохион байгуулж болно. Мөн цоохор ирвэс, аргаль, янгир зэрэг ховор амьтдыг ажиглах, судлах аялал хөгжүүлэх боломжтой. Үүнээс гадна нутгийн иргэдийн ахуй амьдрал, уламжлалт соёлтой танилцах, байгаль хамгааллын боловсрол олгох, судалгааны чиглэлээр аялал зохион байгуулж болно.
-Хүүхэд, залууст байгаль хамгаалах мэдлэг, зөв хандлага төлөвшүүлэх чиглэлээр ямар ажил хийж байна вэ?
-Байгаль хамгааллын нэг чухал зорилго бол ирээдүй хойч үедээ байгалиа хайрлан хамгаалах зөв хандлага төлөвшүүлэх явдал юм. Манай байгууллага орон нутгийн сургууль, эко клубүүдтэй хамтран хүүхэд, залуучуудад тусгай хамгаалалттай газар нутгийн ач холбогдол, ховор амьтан, ургамал, экосистемийн талаар мэдлэг, мэдээлэл өгч байна.
Мөн KfW төслийн дэмжлэгээр сургуулиудад байгуулсан эко танхим, “Бяцхан байгаль хамгаалагч” эко клубүүдийн үйл ажиллагааг дэмжин ажилладаг. Тухайлбал, саяхан Увс аймгийн Тэс сумын эко клубийн 8 дугаар ангийн 30 гаруй сурагчид Увс нуурын дархан цаазат газар, Тэсийн голын нөөц газар болон хүрэн баавгайн талаар мэдээлэл өгсөн.
Хүүхэд, залууст багаас нь байгаль хамгаалах мэдлэг олгож, зөв хандлага төлөвшүүлэх нь ирээдүйд байгальдаа ээлтэй, түүний үнэ цэнийг ойлгодог иргэдийг бэлтгэж буй хэрэг юм.
-Таны хувьд байгаль хамгаалагчийн ажлын хамгийн сайхан нь юу вэ?
-Миний хувьд байгаль хамгаалах ажил бол зүгээр нэг албан үүрэг биш, амьдралын минь салшгүй нэг хэсэг болсон. Байгальд ээлтэй аялал жуулчлал хөгжиж, нутгийн иргэд байгалиа хамгаалахын үнэ цэнийг ойлгож, хүүхэд залуус эх орныхоо байгалийн өвөөр бахархаж байгааг харах хамгийн сайхан. Өнөөдөр бидний хийж буй багахан ажил ч ирээдүйд томоохон өөрчлөлт авчирна гэдэгт итгэдэг.
-Цаашид аялал жуулчлал, орчны бүсийн чиглэлээр ямар зорилт дэвшүүлэн ажиллаж байна вэ?
-Бид аялал жуулчлалын хөгжлийг зөвхөн жуулчдын тоогоор бус, байгаль хамгаалалд оруулж буй хувь нэмэр, орон нутгийн иргэдэд хүртээж буй үр өгөөж, байгаль орчинд үзүүлэх нөлөөллөөр нь үнэлдэг тогтолцоог бий болгохыг зорьж байна.
Энэ зорилгын хүрээнд 2026-2036 оны аялал жуулчлалын хөгжлийн төлөвлөгөөг боловсруулж, аялал жуулчлалын нөөц, даацын судалгаа хийх, маршрут болон отоглох цэгүүдийг оновчтой тогтоох, орон нутгийн иргэдийн оролцоог нэмэгдүүлэх шаардлагатай. Эдгээр ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Түүнчлэн судалгаа, мониторингийн мэдээлэлд тулгуурлан аялал жуулчлалын менежментийг сайжруулах, олон улсын байгаль хамгааллын байгууллага, төсөл, хөтөлбөрүүдтэй хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд анхаарч ажиллана.
-Увс нуурын байгалийн өвийг хайрлан хамгаалахад иргэд, аялагчид юуг анхаарах хэрэгтэй вэ?
-Увс нуур бол зөвхөн Увс аймгийн төдийгүй Монгол Улсын, цаашлаад дэлхийн байгалийн үнэт өв юм. Энэ сайхан нутгийг зорин ирж буй аялагч бүр байгальд ээлтэй, хариуцлагатай аялахыг хүсэж байна. Аялж зугаалахдаа хог хаяхгүй байх, зэрлэг амьтдыг үргээх, хооллохгүй байх, ургамал, амьтны амьдрах орчныг хөндөхгүй байх нь аялагч бүрийн хүлээх хариуцлага юм.
Байгалиа хамгаална гэдэг ирээдүйгээ хамгаалж буй хэрэг. Бид байгалийн унаган төрх, баялгаа хайрлан хамгаалж чадвал аялал жуулчлал тогтвортой хөгжиж, үр өгөөж нь хойч үед маань өвлөгдөн үлдэнэ.
-Ярилцсанд баярлалаа.
