Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

ФИЛАДЕЛЬФИ, 2026 оны аравдугаар сарын 30 /Kazinform/. АНУ-ын Филадельфи хотод харх, хулганатай холбоотой 4000 орчим гомдол жил бүр ирдэг тул хортон мэрэгчдийн тархалттай тэмцэх ажлыг эрчимжүүлэхээр тусгай менежер томилжээ.
Хотын Эрүүл мэндийн газраас мэдээлснээр, менежерээр томилогдсон Адриан Жордан харх, хулгана олноор тархсан хорооллуудад айл өрхөөр явж шалгах эрүүл ахуйн байцаагчдын багийг удирдах ажээ. Тус баг хортон мэрэгчдийн тархалтын цар хүрээг тогтоож, тэмцэх арга хэмжээ авахын зэрэгцээ дахин гарч ирэхээс хэрхэн сэргийлэх талаар зөвлөгөө өгөх юм.
Филадельфи хотод жил бүр харх, хулганатай холбоотой 4000 орчим гомдол ирдгээс шалгалтаар 2000 гаруй тохиолдол батлагддаг байна. Эдгээр тохиолдолд холбогдох арга хэмжээ авч, хортон мэрэгчид дахин тархахаас сэргийлэх ажлыг зохион байгуулдаг ажээ.
А.Жордан мөн хотын Ус хангамжийн газар, Ариун цэвэр, хог хаягдлын алба, Гудамж талбайн алба зэрэг таван байгууллагын хамтын ажиллагааг зохицуулах, олон байгууллагын оролцоо шаардсан асуудлыг шийдвэрлэх үүрэгтэй.
Филадельфи хот харх, хулганатай олон жил тэмцэж ирсэн байна. 1900-аад оны эхээр тус хотын эрүүл мэндийн байгууллагууд зориулалтын цэгүүдэд авчирсан үхсэн харх бүрд иргэдэд таван цент төлдөг байжээ.
Харин өнөөдөр хотын удирдлагууд мөнгөн урамшуулал олгохоос илүүтэй сэргийлэх арга хэмжээнд анхаарч байна. Тухайлбал, хогоо сайтар тагладаг төмөр саванд хадгалах, харх үүрлэж болох газруудыг цэвэрлэх, байшингийнхаа эргэн тойрон дахь 1.27 см-ээс том нүх, завсрыг битүүлэхийг зөвлөж байна.
Мөн харх үзэгдсэн тохиолдолд холбогдох байгууллагуудад мэдээлэхийг иргэдэд уриалж байна. Ингэснээр эрүүл ахуйн байцаагчид тухайн газрыг шалгаж, шаардлагатай арга хэмжээг шуурхай авна.