Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Улаанбаатар, 2026 оны аравдугаар сарын 29 /МОНЦАМЭ/. Монголын анхны 35 сурагч оюутан Герман, Францад суралцахаар 1926 онд явсан нь тэдгээр улстай тогтоосон харилцаа, хамтын ажиллагааны суурийг тавьж, улс орныхоо салбар бүрд үнэтэй хувь нэмэр оруулсныг “Герман, Франц улсад суралцсан анхны монголчууд-100 жил” эрдэм шинжилгээний хурлын үеэр онцлов.
Ардын Засгийн газрын 1925 оны хуралдаанаар 35 сурагчийг сонгон Герман, Франц улсад сургахаар шийдэж, 1926 онд 40 орчим хүүхэд, залуус Европыг зорьсон тухай хэвлэлд мэдээлсэн байдаг. Тэд ерөнхий боловсрол, мэргэжлийн сургуулиудад суралцаж, эх орондоо ирээд боловсрол, соёл, шинжлэх ухааны хөгжилд хувь нэмэр оруулсан юм. Тэдгээр 13-25 насны сурагч оюутны 31 нь Германд, 4 нь Францад дунд сургууль, лицей, төрөл бүрийн мэргэжлийн сургуульд суралцжээ. Гэвч 1926-1930 онд сурч байх хугацаанд нь ЗХУ, коминтерний шахалтаар эх оронд нь буцаажээ. Тэдний зарим нь хожим монголын түүх, соёл, боловсролын салбарын нэрт зүтгэлтнүүд болсон юм. Тухайлбал, их зохиолч Д.Нацагдорж, зохиолч, драмын урлагийн зүтгэлтэн Д.Намдаг, монголын кино урлагийн анхны найруулагчдын нэг Т.Нацагдорж, утга зохиол судлаач, эрдэмтэн Б.Содном, зохиолч, яруу найрагч, орчуулагч Н.Наваан-Юндэн, ардын багш, сурган хүмүүжүүлэгч Г.Батсүх, герман-монгол хэлний толь бичиг зохиогч, геологич Ш.Цэвэг нарыг дурдаж болно. Харамсалтай нь тэдний олонх нь 1930-аад оны улс төрийн хэлмэгдүүлэлтэд өртсөн байдаг.

Эрдэм шинжилгээний хурлын үеэр Герман, Францад 1926-1930 онд суралцсан монгол сурагчдын намтар, замнал, мэргэжил, монголын боловсрол, шинжлэх ухаан, урлаг, соёлын хөгжилд оруулсан хувь нэмэр, монголын төрөөс Европт сурагч, оюутан сургах бодлого, сурагчдыг эх оронд нь эргүүлэн татсан шалтгаан, улс төрийн хэлмэгдүүлэлтийн түүх, архивын баримт, гэрэл зураг, түүхэн эх сурвалжид тулгуурласан судалгааг хэлэлцлээ. Энэ нь монголын орчин үеийн боловсролын түүх, өрнөдийн шинжлэх ухаан, соёлтой танилцсан анхны сэхээтнүүдийн намтар, үйл ажиллагаа, орчин үеийн боловсролын түүхийг судлах, тэдний өв, хэлмэгдүүлэлтэд өртсөн тухай эргэн санаж, хойч үедээ таниулах зорилготой юм.

Хурлыг нээж ШУА-ийн дэд Ерөнхийлөгч, шинжлэх ухааны доктор, академич Ц.Цэрэндорж хэлсэн үгэндээ, Монгол Улс XX зууны эхэн хагаст Герман, Франц зэрэг Өрнөдийн орнуудтай тогтоосон харилцаа нь 1911, 1921 оны үндэсний хувьсгалын залгамж, тусгаар тогтнолоо баталгаажуулах үндэсний эрх ашигтай холбоотой байсныг онцлоод энэ түүхэн үйл явдлыг монголын залуус мартах учиргүйг тодотгосон. Тэрбээр, “Цаг үе, үзэл санааны шалтгаанаар Монгол Улсын шинэ үеийн түүх хаалттай байлаа. Монгол, Германы 1930-аад оны харилцааг тусгайлан судалсан судалгаа бага. Тухайн үед Герман, Монгол Улс Улаанбаатар, Берлинд Консулын газраа харилцан нээх тухай ч ярилцсан байдаг. Энэ хурал нь Монгол Улсын ХХ зууны эхэн хагасын түүхэнд тодорхой байр суурь эзлэх, өмнө судлагдаагүй түүх, баримтыг судалгааны эргэлтэд оруулах, энэ сэдвээр судалгаа хийхэд түлхэц өгсөн алхам болж байгаа” гэдгийг онцоллоо.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, “Хурлаар өнгөрсөн цаг үеийг дурсах төдий бус эх орны хөгжил дэвшлийн төлөө зам мөрөө үлдээсэн хүмүүсийн түүх, ач холбогдлыг тодотгож байна. Тухайн цаг үеийн залууст өөр хэл соёлд суралцах нь асар их итгэл, тэвчээр байсан. Тэд эх орны хөгжил дэвшлийн төлөө хүсэл эрмэлзэл тээж, дэлхийн мэдлэг боловсрол, шинжлэх ухааны ололттой танилцсанаас гадна дараагийн залуус гадаадад сурах замыг нээсэн нь улсын гадаад харилцаанд оруулсан чухал хувь нэмэр юм. Тэд улс орнуудын харилцан ойлголцлыг нэмэх, хэл соёл, мэдлэг туршлагыг солилцох гүүр болсон түүхэн хүмүүс. Европын соёлд суралцахаас гадна монголынхоо соёлыг гадаадад таниулахад хувь нэмэр оруулсан. Түүхэн баримт хадгалагдан үлддэг. Хувь хүний захидал, харилцаа, эд зүйл түүхийг амьд болгодог. Эдгээрийг архивын баримттай холбон судлах нь түүхийг арвижуулан баяжуулдаг. Энэ хурал тэдний өвийг судлан хойч үедээ үлдээхэд чухал баримт болно гэж итгэж байна” хэмээн ярьсан юм.
Түүнчлэн монголын орчин үеийн утга зохиолыг үндэслэгч, их
зохиолч Д.Нацагдорж, түүний
багш, Германы монголч эрдэмтэн профессор Эрих Хэниш нарын баримал бүхий дурсгалыг
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тус улсад айлчлах үеэрээ энэ сарын 22-нд Лайпцигийн их сургуульд нээсэн. Энэ нь хоёр орны боловсрол, шинжлэх
ухаан, соёлын харилцааны түүхийг мөнхөлсөн онцгой үйл явдал гэдгийг Ерөнхийлөгчийн
Боловсрол, шинжлэх ухаан, техникийн бодлогын зөвлөх Ч.Лодойравсал тэмдэглэв.
Тус эрдэм шинжилгээний хурлаар “Герман, Францад одсон багш, сурагчдын монголын боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарт оруулсан хувь нэмрийг тодотгох нь” илтгэлийг боловсрол судлалын шинжлэх ухааны доктор Ц.Дэлгэрсайхан танилцуулж, 1920-30-аад оны гадаад бодлого ба Монгол-Германы харилцаа, оюутан, сурагчдад оногдсон улс төрийн хэлмэгдүүлэлт, Д.Нацагдорж судлал, Германд суралцсан анхны 5 эмэгтэйн амьдрал зэрэг 18 илтгэлийг хэлэлцлээ. Мөн анх суралцагчдын үр хүүхэд, ач зээ нар өвөг дээдсийнхээ үйл хэрэг, дурсамжаа хуваалцсанаас гадна “Гунгаажавын Батсүх-анхны сурагчаас Ардын багш” номыг уншигчдын хүртээл болгосон юм.

Монголын анхны сурагч оюутнууд Европт суралцсаны 100 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурлыг ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэн, Герман, Францад анх суралцсан сурагч, оюутан, багш нарын үр хүүхэд, ач зээ, төрөл төрөгсөд санаачлан, ГХЯ, Боловсролын яам, ХБНГУ, Бүгд Найрамдах Франц улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ, Монгол Улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс зэрэг байгууллага хамтран зохион байгуулжээ.
Монгол Улсаас Герман Улсад өнгөрсөн онд 2000 хүүхэд сурч байсан бөгөөд манай улсын 35 мянган хүн герман хэлээр ярьдаг билээ.