Ачаалж байна…
Ачаалж байна…
Буянаа Ламжав

ИСТАНБУЛ, 2026 оны арваннэгдүгээр сарын 17 /Anadolu/. Египет улс Газар дундын тэнгис дэх Мина Уэст ордоос байгалийн хий олборлож эхэлснээр дотоодын зах зээлд нийлүүлэх хийн хэмжээг нэмэгдүүлэх шинэ эх үүсвэртэй болжээ. Тус ордоос өдөрт 4.53 сая шоо метр хүртэлх хэмжээний хий олборлох төлөвтэй байна.
Уг төслийг хамтран хэрэгжүүлж буй “Shell Egypt” компани болон Кувейтын гадаад дахь газрын тосны хайгуулын компани /KUFPEC/ байгалийн хийн ордыг илрүүлснээс хойш гурван жилийн дараа олборлолтыг эхлүүлснээ зарлалаа.
Мина Уэст орд нь Газар дундын тэнгисийн Зүүн хойд Эль-Амриягийн (North East El Amriya) тусгай зөвшөөрөлтэй талбайд оршдог. Төслийн 60 хувийг “Shell” компани, үлдсэн 40 хувийг “KUFPEC”-ийн Египет дэх охин компани эзэмшдэг байна.
Түнш компаниуд ордыг ашиглах шийдвэрийг 2025 оны зургаадугаар сард гаргажээ. Ордоос олборлосон хийг одоо ашиглаж буй “West Delta Deep Marine” дэд бүтцэд хүргэх 7 км урт шинэ хоолой тавьсан байна. Уг хоолойгоор дамжуулан хийг “Burullus” боловсруулах байгууламжид хүргэж, тэндээс Египетийн дотоодын хийн сүлжээнд нийлүүлэх аж. Одоо байгаа дэд бүтцийг ашигласнаар уг ордыг ашиглалтад оруулах ажлыг түргэсгэсэн гэж “Shell” компани мэдээлжээ.
“Мина Уэст ордыг илрүүлснээс хойш ердөө гурван жилийн дараа олборлолтыг эхлүүлсэн нь нэгдсэн зорилгын төлөө анхнаасаа хамтран ажилласнаар ямар үр дүнд хүрч болдгийг харуулж байна” гэж “Shell Egypt” компанийн дэд ерөнхийлөгч бөгөөд Египет дэх үйл ажиллагаа хариуцсан захирал Далия Эль-Габри мэдэгдсэн байна.
Египетийн эрх баригчид хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хайгуулын ажлыг өргөжүүлэх, ордуудыг ашиглалтад оруулах замаар байгалийн хийн дотоодын олборлолтоо нэмэгдүүлэхийг зорьж байна. Тус улс 2026-2027 оны санхүүгийн жилийн эцэс гэхэд хоногт олборлох байгалийн хийн хэмжээг 4.2 тэрбум орчим шоо фут буюу 119 сая орчим шоо метрт хүргэх зорилт тавьжээ.