Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Есөнбулаг, 2026 оны арваннэгдүгээр сарын 5 /МОНЦАМЭ/. Дэлхийн хүнсний өдөр, Олон улсын хоол зүйч, тогооч нарын өдрийг тохиолдуулан Говь-Алтай аймгийн Боловсролын газраас сургууль, цэцэрлэгийн тогооч нарыг чадавхжуулах сургалтыг энэ сарын 4-нд зохион байгууллаа.
Сургалтад ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллагын 80 гаруй тогооч оролцож, хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдал, стандартын шаардлага, хүүхдийн нас, биеийн онцлогт тохирсон хоол тэжээлийн талаар мэдлэгээ нэмэгдүүлж, ажлын туршлагаа солилцжээ.
Мөн хоол үйлдвэрлэлийн бүх үе шатанд эрүүл ахуйн шаардлагыг мөрдөх, хүнсний бүтээгдэхүүнийг зөв хадгалах, боловсруулах, чанар, аюулгүй байдлыг нь хангах, хүүхдэд зөв хооллох дадал хэвшүүлэхэд тогооч нарын үүрэг оролцоо чухал болохыг онцолсон байна.
Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн чанар нь хүүхдийн өсөлт хөгжил, эрүүл мэндэд шууд нөлөөлдөг. Иймд тогооч нарын мэргэжлийн мэдлэг, ур чадварыг тогтмол дээшлүүлэх нь хүүхдийг эрүүл, аюулгүй, шим тэжээллэг хоол хүнсээр хангах нөхцөлийг сайжруулахад чухал ач холбогдолтойг аймгийн Боловсролын газраас мэдээллээ.