Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Есөнбулаг, 2026 оны арваннэгдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. Хүүхдийг насанд хүрээгүй хүн ажиллуулахыг хориглосон ажлын байранд хөдөлмөр эрхлэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Хүүхдийн хөдөлмөрт үгүй гэж хэлье” нөлөөллийн ажлыг Говь-Алтай аймагт өрнүүллээ.
Хүүхдийн төлөө “За бол заавал хийе” үндэсний хөдөлгөөний хүрээнд зохион байгуулсан уг ажлаар хүүхдийн хөдөлмөр эрхлэлтийн нөхцөлд хяналт, тандалт хийж, хууль бус хөдөлмөрөөс сэргийлэх талаар хүүхэд, эцэг эх, олон нийтэд мэдээлэл түгээхэд анхаарчээ.
Энэ хүрээнд аймгийн Мэргэжлийн боловсролын сургуульд суралцагчид, багш, ажилчдад насанд хүрээгүй хүний хөдөлмөр эрхлэлтийн эрх зүйн зохицуулалт, эрүүл мэнд, аюулгүй байдлын талаар сургалт хийсэн тухай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас мэдээлэв.
Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2022 оны А/122 дугаар тушаалаар баталсан “Насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалт”, А/123 дугаар тушаалаар баталсан “13 нас хүрсэн хүний эрхэлж болох хөнгөн ажлын төрөл, хөдөлмөр эрхлэлтийн нөхцөл”-ийн талаар тайлбарлан таниулсан байна.
Түүнчлэн тус сургуулийн нэгдүгээр курст суралцдаг 85 хүүхэдтэй уулзаж, хичээлийн бус цагаар болон зуны амралтаараа хөдөлмөр эрхэлдэг эсэх, чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлдэг талаар ярилцан, тэдний санал бодлыг сонсжээ.
