Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Есөнбулаг, 2026 оны арваннэгдүгээр сарын 6 /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн зочлох үйлчилгээний салбарын 12 байгууллагын 57 ажилтан үйлчилгээний чанар, стандарт, харилцааны соёлын талаарх мэдлэгээ дээшлүүлж, туршлагаа солилцлоо.
Дэлхийн чанарын өдөр, Үндэсний чанарын өдөр болон “Бүтээлч сар” аяныг тохиолдуулан “Чанартай үйлчилгээ-Зочны сэтгэл ханамж” нөхөрсөг уулзалт, сургалтыг зохион байгуулжээ.
Тус сургалтыг аймгийн Соёл урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар, Стандарт, хэмжил зүйн хэлтэс хамтран зохион байгуулсан бөгөөд зочлох үйлчилгээний байгууллагуудын төлөөлөл оролцсон байна.
Оролцогчдод зочлох үйлчилгээний салбарт мөрдөх стандарт, түүний шаардлага, стандартад нийцсэн үйлчилгээний онцлог, харилцааны соёл, ажилтны хувцаслалт, ёс зүйн талаар мэдээлэл өгсөн байна. Мөн үндэсний хэмжээнд өрнүүлж буй “Чөлөөлье” аяны хүрээнд үндэсний стандартыг цахимаар татаж авах, байгууллагынхаа үйл ажиллагаанд мөрдөх талаар заавар, зөвлөмж өгчээ.
Зочлох үйлчилгээний чанар нь зөвхөн тохилог орчин, тав тухтай байдлаар хязгаарлагдахгүй бөгөөд ажилтны харилцаа, үйлчилгээний соёл, аюулгүй байдал, стандартын шаардлагыг хэрхэн хангаж байгаагаас зочны сэтгэл ханамж шалтгаалдаг. Иймээс үйлчилгээний байгууллагуудын ажилтнуудын мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх нь салбарын үйлчилгээний чанарыг сайжруулахад чухал ач холбогдолтой юм.
Уулзалт, сургалтад нийт 12 байгууллагын 57 ажилтан хамрагджээ.