Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

ЛОС-АНЖЕЛЕС, 2026 оны аравдугаар сарын 30 /TASS/. Их Британийн нэрт жүжигчин Патрик Стюарт 86 насандаа Лос-Анжелес хот дахь гэртээ таалал төгссөн тухай дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд баасан гарагт шилжих шөнө түүний гэр бүлийнхний мэдээллээс эш татан уламжилжээ.
“Тэрбээр хайрт эхнэр Саннигийнхаа хайр халамж, гэр бүл, найз нөхдийнхөө халуун дулаан хүрээлэлд байлаа. Түүнийг амьд хөгжмийн эгшиг, залбирал, нулимс, инээд хөөр, мөн түүний л төрүүлж чадах гүн гүнзгий сэтгэл хөдлөл хүрээлж байв. Түүний нүүрэнд тодорсон амар амгалан төрх бидний сэтгэлд үүрд үлдэх болно” гэж Патрик Стюартын гэр бүлийнхэн түүний цахим хуудсанд нийтэлсэн мэдэгдэлдээ дурдсан байна.
“Сансрын аялал: Шинэ үе” (Star Trek: The Next Generation) олон ангит киноны ахмад Жан-Люк Пикар, мөн “Икс хүмүүс” (X-Men) цуврал киноны профессор Чарльз Ксавьерын дүрээр үзэгчдийн танил болсон тэрбээр аравдугаар сарын 28-нд таалал төгссөн байна. П.Стюарт Альцгеймер болон ой санамж, танин мэдэхүйн үйл ажиллагааг алдагдуулдаг өвчнөөр шаналж байжээ.
1940 онд Английн Баруун Йоркшир гүнлэгт төрсөн Патрик Стюарт 19 настайгаасаа жүжигчний замналаа эхлүүлжээ. Тэрбээр 1966 онд Их Британийн нэр хүндтэй "Хатан хааны Шекспирийн театрын уран бүтээлийн нэгдэл"-д (Royal Shakespeare Company, RSC) элссэн байна. 2009 онд Их Британийн хатан хаан II Элизабет түүнд рыцарийн цол хүртээжээ.
KNA агентлагийн мэдээлснээр, Патрик Стюарт нийгмийн олон асуудалд идэвхтэй оролцож, ялангуяа гэр бүлийн хүчирхийлэл, дайнд оролцсон ахмад дайчдын сэтгэцийн эрүүл мэндийн асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулж байжээ. Түүнчлэн дүрвэгсдийн эрх ашгийг хамгаалах, амьтдын эрхийг хамгаалах үйлсэд идэвхтэй оролцож байсан байна.
“Сансрын аялал” цуврал кинонд ахмад Жеймс Киркийн дүрийг бүтээсэн Канадын жүжигчин, зохиолч Уильям Шетнер Патрик Стюартын таалал төгссөнтэй холбогдуулан Х нийгмийн сүлжээнд эмгэнэл илэрхийлжээ.
“Энэ мэдээ сэтгэл үнэхээр их өвтгөлөө. Сэр Патрик Стюарт миний найз, хамтран зүтгэгч, гайхалтай жүжигчин байлаа. Театрын тайзнаас эхлээд “Энтерпрайз” хөлгийн ахмадын бүхээг хүртэл тэрбээр оюун ухаан, эрхэмсэг зан чанар, хүнлэг сэтгэлийг харуулж чадсан юм. Ахмад Пикар бол хүн бүрийн дотор орших хамгийн сайн сайхан чанаруудыг харуулдаг бөгөөд түүний дүрийг бүтээсэн хүн ч мөн адил тийм хүн байлаа. Түүнийг болон түүний уран бүтээлийг би хязгааргүй хайрлаж, биширдэг байсан” хэмээн тэрээр бичсэн байна.