Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

ЖАКАРТА, 2026 оны арваннэгдүгээр сарын 12 /TASS/. Индонезын дэд ерөнхийлөгч Гибран Ракабуминг Рака боловсролын баримт бичигтэй нь холбоотой дуулиан шуугианы улмаас огцрох хүсэлтээ өнөөдөр албан ёсоор гаргасан тухай “Жакарта Глоб” хэвлэлд мэдээлсэн байна.
Тэрбээр огцрох хүсэлтээ Индонезын хууль тогтоох дээд байгууллага болох Ардын зөвлөлдөх их хурлын дарга Ахмад Музанид хүргүүлжээ.
“Дэд ерөнхийлөгч хүсэлтийг нь нэн даруй хэлэлцэхийг хүссэн. Өнөөдөр чуулганы удирдлагууд түүний огцрох асуудлаар хуралдана” гэж А.Музани мэдэгдсэн байна.
Үүнээс хоёр хоногийн өмнө Гибран тус улсын Ерөнхийлөгч Прабово Субиантотой уулзаж, албан тушаалаасаа огцрох бодолтой байгаагаа мэдэгджээ. Хоёр цаг хагас орчим үргэлжилсэн уулзалтын үеэр Ерөнхийлөгч түүний шийдвэрийг эсэргүүцээгүй боловч боловсролын баримт бичгээ жинхэнэ болохыг батлахын тулд хуулийн хүрээнд тэмцлээ үргэлжлүүлэхийг зөвлөсөн гэж Төрийн нарийн бичгийн даргын нарын яамны сайд Прасетьо Хади мэдээлсэн байна.
Индонезын Үндсэн хуулийн болон Дээд шүүхээс Гибраныг дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчдэд тавигдах шаардлагыг хангасан эсэхэд эргэлзээ төрүүлсэн шийдвэр гаргасан нь уг дуулиан шуугианы эхлэл болжээ. Тус улсын хууль тогтоомжийн дагуу дэд ерөнхийлөгчид нэр дэвшигч нь бүрэн дунд боловсролоос доошгүй боловсрол эзэмшсэн байх ёстой. Гибран гадаадад суралцаж, эзэмшсэн боловсролоо Индонезын боловсролтой дүйцэхүйц болохыг баталгаажуулсан гэрчилгээ авчээ. Гэвч Дээд шүүх уг баримт бичгийг хүчингүйд тооцсон байна. Харин түүний гэрчилгээг хуурамчаар үйлдсэн нь тогтоогдоогүй аж.
Энэ сарын 11-нд парламент дахь найман намын 120 гишүүн дэд ерөнхийлөгчийг огцруулахад хүргэж болзошгүй санаачилгыг дэмжсэнээр нөхцөл байдал улам хурцаджээ. Тэдний дунд сөрөг хүчний төдийгүй эрх баригч эвслийн намуудын төлөөлөл байсан байна.
Өдгөө 39 настай Гибран Ракабуминг Ракаг огцруулах асуудал нь улс төрд нөлөө үзүүлэхүйц үйл явдал юм. Тэрбээр 2014-2024 онд Индонезын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Жоко Видодогийн ууган хүү юм. Гибран 2024 оны ерөнхийлөгчийн сонгуульд Прабово Субиантотой хамтран нэр дэвшжээ. Жоко Видодог дэмжигчид болон Прабовогийн тэргүүлдэг “Гериндра” нам гэсэн улс төрийн нөлөө бүхий хоёр бүлэглэл эвссэнээр тэд сонгуульд хамтран нэр дэвшсэн байна