Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Улаанбаатар, 2026 оны арваннэгдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. Шатахууны шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн дэд сайд Б.Мөнхтамирын хэлснээр ОХУ-ын Ангарск нефтийн үйлдвэрээс аравдугаар сард захиалсан 57 мянган тонн шатахууны 51 мянгыг нь ачсан бол 5700 нь замдаа яваа аж. Харин БНХАУ-аас захиалсан 8000 тонн АИ-92 шатахуун бүрэн иржээ. Өнөөдрийн байдлаар АИ-92 шатахууны 10, дизелийн түлш 28, онгоцны түлний 36 хоногийн нөөцтэй байгаа аж.
Б.Мөнхтамир сайд ярихдаа, “ОХУ-аас арваннэгдүгээр сарын захиалгыг нэмэгдүүлж, 70 мянган тонн болгосон. Мөн Казахстанаас 3000, БНХАУ-аас 8000, БНСУ-аас 12000, нийт 92 мянган тонн шатахууны захиалгыг баталгаажууллаа. Арваннэгдүгээр сард Монгол Улсын энгийн үеийн нийт хэрэглээнээс 20 мянга орчим тонноор илүү захиалга хийсэн. Цаашид шатахуун хадгалах савыг эрчимтэй нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулж байна. Өнгөрсөн долоо хоногт “Шинэ эрин” компанийн шинээр барьж байгаа 16000 метр куб шатахуун агуулах савны байгууламж ашиглалтад ороход бэлэн боллоо. Цаашид шатахууны савыг нэмэгдүүлэх нь Монгол Улсын хэмжээнд нөөцийг сайжруулах боломж. Хамгийн доод тал нь гурван сарын нөөцтэй байхаар ажиллаж байна” гэлээ.
Улаанбаатар төмөр замын хэмжээнд 1500 орчим вагон шатахууны төрлийн бүтээгдэхүүнтэй байна. Эдгээр бүтээгдэхүүнийг яаралтай буулгах үйл ажиллагаа зохион байгуулж байгаа аж. Үүнээс 200 гаруй вагон нь АИ-92 шатахуун бөгөөд энэ нь 7-8 өдрийн хэрэглээний шатахуун бэлэн байна гэсэн үг. Цаашид ОХУ, БНХАУ, БНСУ-тай хийж байгаа хамтын ажиллагааны хүрээнд шатахуун тасрахгүй гэдгийг албаныхан мэдэгдлээ.