Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Улаанбаатар, 2026 оны аравдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. БНХАУ-ын Шэньси мужийн Янлин хотноо энэ сарын 25-нд тус хотын Хөдөө аж ахуйн өндөр технологийн 33 дахь үзэсгэлэнгийн үеэр хөдөө аж ахуйн орчин үеийн хөгжлийн асуудлаарх дугуй ширээний бага хурал зохион байгуулав.
Энэ хурал нь “ШХАБ-ын хөдөө аж ахуйн баазын платформыг ашиглан гишүүн орнуудын хуурай бүс нутагт ус хэмнэх хөдөө аж ахуйн чиглэлээр практик хамтын ажиллагааг дэмжих нь” сэдвээр өрнөснийг ХХААХҮЯ мэдээллээ.
Монгол Улсын ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн энэ үеэр бүс нутгийн хэмжээнд ус бага зарцуулж, хүнсний үйлдвэрлэлийг нэмэх чиглэлээр улсынхаа баримталж буй бодлого, сорилт, цаашдын шийдлийг танилцуулав. Тэрбээр хэлсэн үгэндээ Монгол Улсын нутаг дэвсгэрийн 76 орчим хувь нь хуурай, хагас хуурай бүсэд хамаарч, бэлчээрийн 112 сая га газрын ердөө 45-50 хувь нь усан хангамжтайг онцоллоо. Усны хүрэлцээтэй газарт мал сүрэг олноор төвлөрснөөс бэлчээрийн даац хэтэрч, газрын доройтол хурдасдаг. Урт хугацааны энэ хүндрэлийг зөвхөн гүний худаг нэмж өрөмдөн шийдэх боломжгүйг тэмдэглэсэн юм. Газрын доорх усны нөөц хязгаарлагдмал төдийгүй худаг гаргах, түүний эрчим хүч, засвар үйлчилгээг хариуцах нь эдийн засгийн зардал ихтэй тул ус хайхаас усаа хэмнэх бодлогод шилжих шаардлагатайг уриаллаа.
Хамтран ажиллах дөрвөн санал дэвшүүлэв
ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн ШХАБ-ын гишүүн орнуудад хандан хамтын ажиллагааны дөрвөн чиглэлийг санал болголоо.
Үүнд, хуурай бүс нутагт үр дүнгээ өгсөн ус хэмнэх технологийг харилцан хуваалцах, Монгол Улсын газар нутаг дээр туршилтын хамтарсан төсөл хэрэгжүүлэх, инженер техникийн ажилчид, малчдад зориулсан сургалт, мэргэжилтэн солилцооны хөтөлбөр хэрэгжүүлж, хүний нөөцийг хөгжүүлэх, амжилттай хэрэгжсэн туршилтын төслийг төр, хувийн хэвшил, санхүүгийн байгууллагын оролцоото бодит хөрөнгө оруулалтын шатанд шилжүүлэн өргөжүүлэх санал багтжээ.

Тэрбээр хэлсэн үгэндээ хуурай болон усны хомсдолтой бүс нутагтай орны хувьд ус хязгааргүй нөөц биш тул хэмнэсэн дусал бүр хүнсний үйлдвэрлэл, бэлчээр хамгаалал, хөдөөгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй байдлыг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулахыг тэмдэглээд, ШХАБ-ын түншүүдтэй хамтран усны сорилтыг инновац, хөдөө аж ахуйн тогтвортой хөгжлийн боломж болгон хувиргахад Монгол Улс бэлэн байгааг илэрхийлсэн байна.
Үндэсний санаачилга хэрэгжүүлэхээр төлөвлөж байна
Монгол Улс ус хуримтлуулах технологи ашиглан бэлчээрийн усан хангамжийг сайжруулах үндэсний санаачилгыг боловсруулж байна. Үүний тулд жижиг усан сан, цөөрөм байгуулах, булаг шандыг хамгаалах, алслагдсан бэлчээрийг нар, салхины эрчим хүчээр ажилладаг усан хангамжийн системээр хангах зэрэг байгальд ээлтэй шийдлийг өргөн хүрээнд нэвтрүүлэхийг зорьж байна.
Энэ зорилтын хүрээнд ус хуримтлуулах технологиор дамжуулан бэлчээрийн усан хангамжийг сайжруулах 5 жилийн хугацаатай Үндэсний санаачилгыг боловсруулж, газарзүйн мэдээллийн систем ашиглан улсын хэмжээнд 500-аас доошгүй боломжит байршлыг тогтоож, говь, хээр, ойт хээр, уулархаг бүсэд туршилтын 20-30 байгууламж барихаар төлөвлөжээ. Туршилтын эдгээр төсөл нь аль технологи хамгийн үр дүнтэй ажиллах, зардал болон малчдад өгөх үр өгөөж нь ямар байхыг тодорхойлохоос гадна инженер, техникийн мэргэжилтнүүд, малчдын ур чадварыг бэхжүүлэх, эмэгтэйчүүд, залуусын оролцоог дэмжихэд чиглэх ажээ.

Хуралд ШХАБ-ын Нарийн бичгийн дарга нарын газар, гишүүн орнуудын хөдөө аж ахуйн салбарын удирдлага, НҮБ-ын ХХААБ, Хятад-Төв Азийн механизмын Нарийн бичгийн дарга нарын газар, БНХАУ-ын ГХЯ, Хөдөө аж ахуй, хөдөөгийн асуудал эрхэлсэн яамны өндөр түвшний албан тушаалтнууд оролцжээ.