Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Улаанбаатар, 2026 оны аравдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Уушгины хавдрын эрт илрүүлэх шинжилгээ болон эмч нарын сургалт хамтын ажиллагаанд Канадын Лаурел сантай хамтран ажиллах талаар санал солилцсон талаар Хавдар судлалын үндэсний төвөөс мэдээлэв.
Уулзалтаар эмч мэргэжилтнүүдийн мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, дурангийн сургалтын хөтөлбөрийг хөгжүүлэх, Монгол Улсын нөхцөлд тохирсон хавдрын эрт илрүүлгийн стратегийг хэрэгжүүлэх асуудлыг онцлон ярилцсан байна. Тус төвийн удирдлага, цээжний хөндийн мэс заслын эмч нар Канад Улсын Лаурел сангийн тэргүүн Хью Парсонс болон дэд тэргүүн Кристин Туано, Канад улсын Ванкувэр хотын “Surry Memorial” эмнэлэгийн цээжний хөндийн мэс заслын багийн эмч Шарон Онг, Жэмэс Бонд нартай уулзаж, сүүлийн 10 жилийн хамтын ажиллагааны үр дүнг дүгнэн, ирэх таван жилийн хамтын ажиллагааны чиглэлээ хэлэлцлээ.
Мөн уушги, бусад эрхтний хавдрыг эрт илрүүлэх, оношилгооны зардлыг бууруулах зорилгоор олон улсын туршлагад тулгуурласан, зардал багатай эрт илрүүлэх шинжилгээний аргачлалыг судалж, 2027-2030 оны стратегийн төлөвлөлтөд тусгах чиглэлээр санал нэгдэв. Цаашид эмч нарыг чадавхжуулах, сургагч багш бэлтгэх тогтолцоог хөгжүүлэх, эрт илрүүлгийн хөтөлбөрийн тогтвортой санхүүжилтийн боломжийг нэмэгдүүлэх замаар хамтын ажиллагааг өргөжүүлэхээр зорьж байгаа ажээ.