Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Жаргалант, 2026 оны аравдугаар сарын 29 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн нутгаар ирэх 11 дүгээр сард агаарын дундаж температур Их нууруудын хотгороор олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй.
Харин хур тунадас ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим орох төлөвтэйг цаг агаарын урьдчилсан мэдээлэлд дурджээ.
Уур амьсгалын олон жилийн дунджаар 11 дүгээр сард уулархаг нутгаар агаарын температур -12-18 хэм, Алтайн өвөр говиор -2-6 хэм, бусад нутгаар -6-12 хэм байдаг. Энэ сард Алтайн өвөр говьд 2-6 мм, бусад нутгаар 0-2 мм хур тунадас ордог байна.
Агаарын температур сарын эхний арав хоногийн сүүл, гуравдугаар арав хоногийн дунд үед ихэнх нутгаар олон жилийн дунджаас хүйтэн байх бол эхний арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүл, гуравдугаар арав хоногийн эхээр харьцангуй дулаан байх төлөвтэй. Мөн сарын эхний арав хоногийн эхэн болон дунд үед ихэнх нутгаар цас орж, салхи ширүүсэх, цасан болон шороон шуурга шуурах магадлалтай байна.
Иймээс малчид хадлан тэжээлийн нөөцөө бүрдүүлэх, өвөлжилтийн бэлтгэлээ хангах, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд богино хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээ, сэрэмжлүүлгийг тогтмол авч ашиглахыг зөвлөлөө.
Ховд аймаг 92 мянга гаруй хүн амтай. Энэ жил 17 сум, 91 багийн нутаг дэвсгэрт 3.1 сая гаруй мал өвөлжинө.
Тус аймгийн Мянгад, Дөргөн, Чандмань, Буянт, Ховд, Жаргалант, Эрдэнэбүрэн сумын нутаг дэвсгэр нь Хар-Ус, Дөргөн нуур болон Ховд, Буянт голын сав газрыг даган Их нууруудын хотгорын бүсэд багтдаг.