Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Жаргалант, 2026 оны аравдугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Зудын урьдчилсан төлөв мэдээгээр 2026 оны 11 дүгээр сард Ховд аймгийн нутаг дэвсгэрийн 54.7 хувьд өвөлжилт хүндрэх эрсдэлтэй байна.
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн газрын ажиглалт, хиймэл дагуулын мэдээ, ган, зуншлагын байдал, 2026-2027 оны өвөл, хаврын бэлчээрийн даац, ургамлын гарц, агаарын температур, хур тунадасны үзүүлэлтэд үндэслэн зудын урьдчилсан үнэлгээ хийсэн байна.
Үнэлгээгээр аймгийн нийт нутгийн 16.7 хувьд зудын нэн их, 38 хувьд их, 41.9 хувьд дунд, 3.4 хувьд бага эрсдэлтэй гэж дүгнэжээ. Өөрөөр хэлбэл, аймгийн хэмжээнд зудын эрсдэлгүй нутаг байхгүй байна.
Сумдаар авч үзвэл, Ховд, Буянт, Мянгад, Дуут, Мөнххайрхан сумын нутгаар зудын эрсдэл нэн их, Эрдэнэбүрэн, Дөргөн, Чандмань, Дарви суманд их түвшинд үнэлэгджээ. Харин Алтай, Үенч, Булган, Цэцэг, Зэрэг, Мөст сумын нутгаар дунд болон бага эрсдэлтэй байна.
Иймд малчдыг өвөлжилтийн бэлтгэлээ сайтар хангаж, цаг агаарын урьдчилсан мэдээг тогтмол авч ашиглах, нөхцөл байдал хүндэрсэн үед авах арга хэмжээг урьдчилан тооцоолохыг мэргэжлийн байгууллагаас зөвлөлөө.
Энэ жил Ховд аймгийн хэмжээнд 8000 гаруй малчин өрхийн 3.1 сая гаруй мал өвөлжинө.