Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Жаргалант, 2026 оны арваннэгдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. Ховд
аймаг спортын салбарыг хөгжүүлэх, тамирчдын ур чадвар, амжилтыг ахиулах,
дасгалжуулагчдын нийгмийн баталгааг хангах чиглэлд анхаарч байна.
Өнгөрсөн онд улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилт гаргасан 225 тамирчин, 19 дасгалжуулагчид нийтдээ 147.4 сая төгрөгийн урамшуулал олгожээ. Мөн тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль авсан найман тамирчныг 63 сая төгрөгөөр урамшуулсан байна. Харин энэ онд тамирчин, дасгалжуулагчдад урамшуулал олгох журмыг шинэчлэн, хамрах хүрээг өргөжүүлсэн ба амжилт үзүүлсэн тамирчин, дасгалжуулагч нарын урамшууллыг 12 дугаар сард олгохоор төлөвлөжээ.
Мөн аймгийн Засаг даргын дэргэдэх шигшээ багийн үйл ажиллагааг өргөжүүлж байна. Өнгөрсөн онд спортын найман төрлөөр 482 тамирчин бэлтгэл сургуулилалт хийж байсан бол энэ онд спортын төрлийг 10 болгон нэмэгдүүлснээр 680 тамирчин хамрагдаж байна.
Шигшээ багийн дасгалжуулагчдын цалин, урамшуулалд 2025 онд 240 сая төгрөг зарцуулсан бол 2026 онд 370 сая төгрөгийг шийдвэрлэж, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэхэд анхаарчээ.
Эдгээр
ажлын үр дүнд спортын амжилт, оролцоо нэмэгдэж, улс, бүсийн аварга шалгаруулах
тэмцээнээс 2025 онд 1421 тамирчин 428 медаль хүртсэн байна. Мөн 2026 оны
10 дугаар сарын байдлаар 1952 тамирчин 464 медаль хүртээд байгаа ажээ. Энэ нь медалийн
тоо өмнөх оны мөн үеэс 8.41 хувиар өссөн үзүүлэлттэй юм. Мөн спортын
уралдаан, тэмцээнд оролцогчдын тоо он гарсаар 16669 болж, өмнөх оныхоос 4.18 хувиар нэмэгджээ.
Ирэх онд салбарын үйл ажиллагааг өргөжүүлж, орчин үеийн стандарт шаардлагад нийцсэн “Ховд арена” спортын иж бүрэн цогцолбор барих төсөл хэрэгжүүлнэ. Одоогоор тус цогцолборын барилгын техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулж, шаардлагатай санхүүжилтийг улсын төсөвт тусгуулахаар холбогдох байгууллагад санал уламжилсан байна. “Ховд арена” спортын цогцолбор ашиглалтад орсноор олон улс болон улс, бүсийн чанартай тэмцээн, уралдааныг орон нутагтаа зохион байгуулах боломж бүрдэхээс гадна спортын төрөл, хичээллэгсдийн тоо нэмэгдэж, спортын салбарын хөгжилд томоохон түлхэц үзүүлнэ гэдгийг албаныхан онцоллоо.