Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Жаргалант, 2026 оны арваннэгдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. “Халамжаас хөдөлмөрт” бодлогын хүрээнд Ховд аймагт зорилтот өрхийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, амьжиргааны түвшнийг дээшлүүлэх хоёр жилийн хугацаатай хөтөлбөр хэрэгжүүлж байна.
Хөтөлбөрт энэ онд амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой 120 өрхийг сонгон хамруулжээ. Өрхийн гишүүдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, эрүүл мэнд, боловсрол, нийгмийн суурь үйлчилгээнд хамруулах, амьдрах орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор өрх бүрийн онцлог, хэрэгцээнд нийцсэн хөгжлийн төлөвлөгөө боловсруулан ажиллаж байгааг аймгийн ЗДТГ-аас мэдээллээ.
Хөтөлбөрийн хүрээнд Дэлхийн зөн олон улсын байгууллагын дэмжлэгээр долоон өрхөд гэр олгож, 36 иргэн, үүнээс 21 хүүхдийн амьдрах орчин нөхцөлийг сайжруулсан байна. Мөн хувиараа хөдөлмөр эрхэлдэг зорилтот өрхийн 27 иргэнд нийт 135 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүлжээ. Үүний зэрэгцээ 120 өрхийн 423 хүүхдийг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамруулсан байна.
Хөтөлбөрийн хэрэгжилтийг үнэлэх зорилгоор өрхүүдийн гарааны болон явцын үнэлгээ хийжээ. Өнгөрсөн сард хийсэн явцын үнэлгээгээр хамрагдсан 120 өрхийн 93-ынх нь буюу 77.5 хувийнх нь амьжиргааны түвшин дээшилсэн дүн гарсан байна.
Хөтөлбөрийг ирэх онд үргэлжлүүлэн хэрэгжүүлэх бөгөөд өрх бүрийн онцлог, хэрэгцээнд тулгуурлан хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, орлогыг тогтвортой өсгөх, нийгмийн суурь үйлчилгээнд хамрагдах боломжийг өргөжүүлэхэд анхаарах юм.