Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Мөрөн, 2026 оны арваннэгдүгээр сарын 4 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Төмөрбаатар “Хөвсгөл эрчим хүч” ХХК-ийн үйл ажиллагаа болон 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцаж, цахилгаан хангамжийн тулгамдсан асуудлыг хэлэлцлээ.
Тус компанийн өвөлжилтийн бэлтгэл ажил 76.1 хувийн гүйцэтгэлтэй байна. Бугат дэд станцын трансформаторууд 90-114 хувийн ачаалалтай ажиллаж байгаа тул ачааллыг бууруулах, Түнэл, Цагааннуур, Цагаан-Уул сум болон Могойн гол чиглэлийн цахилгаан хангамжийг сайжруулах шаардлагатай байгааг компанийн удирдлагууд танилцууллаа.
Аймгийн Засаг даргын “Бүтээлч Хөвсгөлийнхөн” хөтөлбөрийн хүрээнд Мөрөн сумын хойд хэсэгт барьж буй 35/0.4 кВ-ын дэд станцын ажил дуусах шатандаа орсон байна. Тус станцыг ашиглалтад оруулснаар Мөрөн сумын 1, 2, 3, 4, 5, 11 дүгээр баг болон Түнэл сумын цахилгаан хангамжийн найдвартай байдал сайжрах юм.
Үүнтэй холбогдуулан Мөрөн сумын дээрх зургаан багийн 4000 гаруй өрхийг цахилгаан халаалтад шилжүүлэх нөхцөлийг бүрдүүлэхэд шаардлагатай трансформатор болон нэмэлт ажлын 240 сая төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэхээр боллоо.
Мөн Мөрөн сумын гудамжны гэрэлтүүлгийн зардлыг бүрэн шийдвэрлэж, оройн цагаар гэрэлтүүлгийг тогтмол асааж байхыг холбогдох албаныханд үүрэг болгов.
Түүнчлэн эрчим хүчний салбарын ажилтнуудын нийгмийн баталгааг дэмжих зорилгоор “Бүтээлч төрийн албан хаагч” хөтөлбөрт тус компанийн инженер, ажилтнуудыг хамруулах, 2027 онд 20 ажилтанд өрхийн үйлдвэрлэл эрхлэх тоног төхөөрөмж олгох, дэд бүтцийн салбарын ажилтнуудыг Зүүн Мөрөн хорооллын хямд өртөгтэй орон сууцанд хамруулах асуудлыг шийдвэрлэж ажиллахаа аймгийн Засаг дарга илэрхийллээ.


