Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

ЛОНДОН, 2026 оны арваннэгдүгээр сарын 4 /Kazinform/. “Collins” толь бичгийг зохиогчид 2026 оны "онцлох үгээр" Z болон Альфа үеийнхэн түгээмэл хэрэглэгдэж буй “mogging” хэмээх ярианы хэллэгийг сонгожээ.
“Мogging” гэдэг нь бусдаас илүү гарах, ямар нэг зүйлээр давуу байдлаа харуулах гэсэн утгатай гэж "Collins" толь бичгийг гаргагчид тайлбарлажээ. Энэ хэллэгийг ихэвчлэн хэн нэг нь бусдаасаа онцгойрон харагдсан үед хошигнон, егөөдсөн өнгө аясаар хэрэглэдэг байна.
Тухайлбал, найзуудтайгаа хамт авахуулсан зурагт дээр бусдаасаа илүү загварлаг харагдсан найздаа, эсвэл бусдын анхаарлыг илүү татаж чадсан хэн нэгэнд "mogged" гэж хэлж болох ажээ.
“Mogging” гэдэг үг нь цахим орчинд хэрэглэгддэг “AMOG” буюу “Alpha Male of the Group” /бүлгийн манлайлагч эрэгтэй/ гэсэн хэллэгээс гаралтай ажээ. Энэ хэллэгийг хүний гадаад төрх, нийгэмд эзлэх байр суурь, бусдаас давамгайлах байдлыг харьцуулахад хэрэглэдэг байсан бол өдгөө утга нь өргөжиж, хэн нэгэн бусдаас илүү тодорч буй бүх тохиолдлыг илэрхийлэх болсон байна.
“Collins” толь бичгийн мэдээлснээр, уг хэллэг цахим орчны хүрээнээс хальж, залуу үеийнхний өдөр тутмын ярианд улам бүр түгээмэл хэрэглэгдэх болжээ.
“Mogging” гэдэг үгийг “оны онцлох үг”-ээр сонгосон нь цахим орчны соёл орчин үеийн англи хэлэнд хэрхэн нөлөөлж байгааг, өөрөөр хэлбэл урьд нь зөвхөн цахим орчинд л ашигладаг байсан хэллэгүүд нийтийн хэрэглээний үгсийн санд нэвтэрч байгааг харуулж байна.